Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.02.01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ
Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ. ШШГЕГ-ын судалгаагаар 2014 онд 1863 хүнийг баривчилснаас 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас суллажээ. Харин 913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорьсон байна.
Гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж яллагдагч үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор төсөлд заажээ. Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, оролцоог нэмэгдүүлэх, эд зүйл, хөрөнгийн үнэлгээний талаар гардаг маргааныг цэгцлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор тэдний дүр төрхийг халхавчлах, төхөөрөмж ашиглан дуу, хоолойны өнгийг өөрчлөн шүүхийн танхимд заавал байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болох талаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн прокуророос эцэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс буцаадаг зохицуулалтыг халахаар хуулийн төсөлд тусгасан байна.