“Сав газрын захиргаадын хамтын оролцоотой менежмент, анхаарах асуудал”сэдэвт зөвлөгөөн боллоо
БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол
2017.02.21

“Сав газрын захиргаадын хамтын оролцоотой менежмент, анхаарах асуудал”сэдэвт зөвлөгөөн боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Сав газрын захиргаадын хамтын оролцоотой менежмент, анхаарах асуудал”сэдэвт Сав газрын захиргаадын нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 2 дугаар сарын 14-15-ны хооронд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сав газрын удирдлагын хэлтсээс амжилттай зохион байгуулав. Тус зөвлөгөөнийг НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”, Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслүүдийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан болно.

Зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулахад ажлаа урьдчилан нарийвчлан төлөвлөж, гүйцэтгэх хугацааг тодорхойлон, хамтран зохион байгуулагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн  Сав газрын удирдлагын хэлтсээс санаачилга гарган ажиллав.

Зөвлөгөөнд 21 сав газрын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүд нийт 190 хүн, аймаг, Нийслэлийн БОАЖГ-аас усны асуудал хариуцсан 21 мэргэжилтэн, усны салбарын эрдэмтэд, салбарын зарим байгууллагуудын төлөөлөлийг хамруулсан зөвлөгөөн болж өнгөрлөө.

Тус зөвлөгөөнд БОАЖЯ-ны удирдлага, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, телевиз, хэвлэлийн төлөөлөгчид оролцож, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нээж үг хэлж, БОАЖ-ын Сайд зарим сав газрын захиргаадад автомашин гардуулав.     

Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга “Усны салбарын бодлого, тулгамдаж буй асуудлууд”-ыг танилцуулж, сав газруудын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, орон нутагт усны асуудлаар салбар дундын зохицуулалт хийх, бүх шатны Засаг дарга, ИТХ-ыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах сав газрын захиргаадын мэргэжилтэн боловсон хүчнийг чадавхижуулахад энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж буйг онцлон тэмдэглэв.

“Сав газрын захиргаадын хамтын оролцоотой менежмент, анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнөөс “Ус бол хөгжлийн түлхүүр” гэдгийг бүгд ойлгон, устай холбогдох хууль тогтоомж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн хамтын оролцоо чухал шаардлагатай болохыг онцлож, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг сав газрын захиргаадад хүргүүлсэн. Тус зөвлөгөөнд нийт 25 итгэлийг танилцуулж, хэлэлцүүлэг хийгдэв.

 Зөвлөгөөнд оролцогчид “Сав газрын захиргаадын үйл ажиллагаанд чухал хэрэгцээтэй сэдвүүдийг хөндөж, усны салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд сүүлийн үеийн шинэлэг мэдээ, мэдээлэл, танилцуулгыг хийж, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд анхаарал хандуулсан нь зөвлөгөөний үр дүн оршиж байна” гэж дүгнэв.