Б.Жавхлан: Нефтийн үйлдвэр бол маш чухал стратегийн үйлдвэрлэлийн салбар
2017.03.20

Б.Жавхлан: Нефтийн үйлдвэр бол маш чухал стратегийн үйлдвэрлэлийн салбар

Бид сүүлийн 20 жил Газрийн тосоо боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэж ярьж мөрөөдөж, хэд хэдэн газар үйлдвэрийн шав хүртэл тавьсан.

Гэвч өнөөдөр нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээнийхээ тодорхой хувийг хангачих нэг ч үйлдвэр байгуулагдаагүй л байна. Харин саяханаас БНЭУ-ын Эксим банкны нэг тэрбум ам.долларын зээлийг Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа. Тэгвэл үйлдвэр байгуулснаар эдийн засаг сэргэхэд хэрхэн нөлөөлөх, ямар үр ашиг өгөх талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарлаа. Хөрөнгө оруулалтаа ч шийдсэн. Тэгвэл үйлдвэр байгуулснаар эдийн засагт ямар эерэг үр дүн авчирах вэ?

-Аливаа улс гүрнүүдэд нефтийн бүтээгдэхүүн үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын гол хүчин зүйл нь болж, энэ асуудал улам хурц болж байна. Ялангуяа манай орон хоёр том хөрштэй, далайн тээвэрлэлтээс хол, алслагдсан орны хувьд нефтийн бүтээгдэхүүнээрээ хараат байна гэдэг бол эдийн засгийн хувьд маш хэврэг болж, өрсөлдөх чадварыг бууруулж байна гэсэн үг.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17-18 хувьд хүрч байх үед бид жилдээ 1.2-1.5 тэрбум ам.долларын шатахуун импортоор авч байсан.

Өөрөөр хэлбэл бид энэ хэмжээний валютыг гадагшаа урсгадаг. Энэ хэмжээгээр гадаад валютын нөөцөд хасах дүн авчирна. Энэ хирээр бидний өрсөлдөх чадварийг сулруулна.

Тэгэхээр бид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотооддоо нефтиэ боловсруулах нь дээрх байдлаас гарах гэж байгаа зорилт шүү дээ. Нефтийн маш олон бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ бидний гол хэрэглэдэг нь шатахуун.

Тиймээс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг эдийн засагт эерэг нөлөө авчирах гол суваг юм.

Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар бид гадаад валютын урсгал тал дээр хэмнэлт хийнэ. Мөн эдийн засгийн хараат бус байдлаа олон улсын санхүүгийн зах зээлд баталгаажуулна.

-Монгол Улс өрийн дарамтанд байгаа. Өмнөх авсан зээлүүд эргээд хөрөнгө оруулалтаа нөхөхгүй салбарт зарцуулагдсан гэх шүүмжлэл дагуулсаар байна. Харин энэ зээлийн зарцуулалт хөрөнгө оруулалтаа нөхөх төсөлд зарцуулагдаж байгаа гэдгээрээ арай давуу талтай юм шиг санагдах юм. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Чингис бонд гэхэд 5-10 жилийн хугацаатай байсан. Бид энэ бондын мөнгөний дийлэнхийг дэд бүтэц, замын хөрөнгө оруулалтад оруулсан байна. Зам аливаа улс орны хөгжлийн гол суурь мөн учраас үүнд хөрөнгө оруулалт хийх нь зөв.

Гэхдээ бид ямар эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй байсан. Чингис бонд өөрөө харьцангуй богино хугацаатай, үнэтэй эх үүсвэр.

Тэгэхээр үүнийг богино хугацаанд эргээд өгөөжөө өгөх, валютын урсгалыг тэтгэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, валютын дотогшлох урсгалыг дэмжих үйлдвэрийн салбаруудад оруулах хэрэгтэй байсан.

Үүнд Нефть боловсруулах үйлдвэр хамгийн тохиромжтой байсан. Учир нь бид өөрсдөө нефтийн асар их нөөцтэй гэдгээ тогтоочихсон байж боловсруулахгүй түүхийгээр нь экспортлоод байна шүү дээ. Харин бид нөөцдөө тулгуурлан боловсруулах үйлдвэр барих юм бол маш богино хугацаанд өгөөжөө өгч эхэлнэ.

Ядаж л бид жилдээ нэг тэрбум ам.доллар төлж авдаг импортын шатахуун хэрэггүй болно. Тиймээс БНЭУ-аас авч буй зээлийг нефтийн үйлдвэрлэлийн төсөлд оруулах нь хамгийн оновчтой шийдэл.

Иймд богино хугацаанд үр өгөөжөө өгөх энэ үйлдвэрийг байгуулах төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд санхүүжүүлж, үйлдвэрээ байгуулж ашиглалтанд оруулах нь маш чухал.

-Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд хэрхэн нөхөх вэ?

-Зам барихад оруулсан хөрөнгө оруулалт 30-аас дээш жилд өртөгөө нөхөж, эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлдэг.

Харин нефтийн үйлдвэр бол 2-3 жил бариад, ашиглалтанд орж үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа эдийн засагт давхар давхар эерэг нөлөөллүүдийг гаргаж ирдэг.

Тиймээс нефть боловсруулах үйлдвэр харьцангуй богино хугацаанд үр өгөөжөө өгнө. Энэ нь манай улсын хувьд бүр хүчтэй мэдрэгдэнэ.

Бид эдийн засаг уналттай байгаа энэ үед ч жилдээ 600-700 сая ам.долларын шатахуун импортлож авч байна шүү дээ. Энэ мөнгийг хэмнэх хэрэгтэй.

Тэгэхээр нефтийн үйлдвэр нь стратегийн маш чухал үйлдвэрлэлийн салбар.

-Мөн үнийн хөөрөгдөл үүсгэгч валютын ханшийг чөдөрлөх нэг хүчин зүйл болж өгөх нь?

-Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнтэй болно гэдэг маань валютын гадаад урсгалд хяналттай болно гэсэн үг. Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэж, энэ хирээр эдийн засагт нийлүүлэгдсэн төгрөгийн худалдан авалт сайжирна.

-Нефтийн үйлдвэрийг дагаад жижиг дунд үйлдвэр хөгждөг олон улсын жишиг бий. Харин манайд энэ жишгээр явах боломж нь хэр байдаг вэ?

-Хүнд үйлдвэрүүд жижиг дунд үйлдвэрээ дагуулж хөгждөг модельтой үйлдвэрлэл. Тиймээс олон улсын жишгээр маш олон үйлдвэр бий болох нь дамжиггүй.

-Таны бодлоор манайхыг боловсруулах үйлдвэртэй болох асуудалд хоёр хөрш хэрхэн хандах бол?

-Манайхыг бараг тоохгүй биз дээ. ОХУ нефть импортлогч маш том улс.

Манай улсын шатахууны жилийн хэрэглээ ОХУ-ын импортлож байгаа шатахууны 0.5 хувьд нь ч хүрдэггүй.

Тэгэхээр стратегийн хувьд өрсөлдөхүйц, борлуулалтад нь нөлөөлөхүйц хэмжээний хэрэглээг бид бий болгож чадахгүй. Тиймээс эдийн засгийн талаасаа энэ асуудалд айх зүйлгүй гэж бодож байна.

Харин геополитик, улс төрийн бусад бодлогын хувьд зарим асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Бид үйлдвэр байгуулах асуудлыг маш олон жил ярьж байна. Ажил хэрэг болсон зүйл өнөөдрийг хүртэл алга. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулаагүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-1990 оноос хойш улс төрийн сонгууль бүрээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал яригддаг. Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудын зүүн бүс нутагт нэлээд яригдлаа. Дарханд бүр үйлдвэр байгуулах шав тавьсан тохиолдол ч бий. Харин энэ асуудалд зоригтой улс төрийн шийдвэр гаргаад, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг босгоод энэ үйлдвэрийг байгуулах боломж байсан гэж би хардаг.

Тэгэхээр сэтгэл гаргаж хийгээгүй л байхгүй юу. Мөн нөгөө талд нь зарим хүмүүсийн бизнесийн ашиг сонирхолын зөрчил үүссэн байх. Үүнийг даваад улс төрийн зоримог шийдвэр гаргах байсан.

Тиймээс бид улс орныхоо нийтлэг эрх ашгийг харж, ирэх дөрвөн жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэрийг тодорхой түвшинд бодит ажил болгох ёстой.

Магадгүй дөрвөн жилийн дотор барьж амжихгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ дөрвөн жилд заавал нефть боловсруулах ажлыг эхлүүлэх ёстой гэж бодож байна.

УИХ-аар баталсан Засгийн газрын хөтөлбөрт энэ асуудал маш тодорхой орсон. Үүнийг ажил болгох ёстой. Ажил болгохыг УИХ Засгийн газраас шаардах ёстой.

-Мэргэжлийн Засгийн газар энэ ажлыг хийж чадна гэдэг та итгэлтэй байна уу?

-Бид Засгийн газраа итгэж байгуулсан. Тиймээс УИХ-ын зүгээс энэ үйлдвэрийг байгуулах ажилд хяналт тавьж, шахаж ажиллана.

-Үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдэг утгаараа нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Ерөнхий сайдыг дэргэдээ авч ажил хэрэг болгох ёстой талаар ярилцах боллоо. Ингэх шаардлагатай юу?

-Санал нэг байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын хэлэлцэх ёстой чухал асуудлын тэргүүн эгнээнд байх ёстой. Тиймдээ ч бид энэ дөрвөн жилд нефть боловсруулах үйлдвэрт тодорхой үр дүн гаргаж ажиллах болно.

Н.БАЯР