Я.Содбаатар: Бидний зоригтой шийдвэр эдийн засагт чухал нөлөөтэй
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цөөн хором ярилцлаа. Тэрээр үе үеийн Засгийн газрын байгуулахаар зорьж байсан үйлдвэрүүдийн санхүүжилт, түүхий эдээр хангах асуудлыг хариуцан ажиллаж байсан гол хүмүүсийн нэг билээ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалтаа ч шийдэж, төрийн өмчийн компани байгуулахаар боллоо. Монгол Улсад хэр ашигтай байх бол?
-Газрын тосоо дотооддоо боловсруулах, нефтийн бүтээгдэхүүний хангамжийг дотоодын эх үүсвэрээр хангах нь үе үеийн Засгийн газрын гол асуудал байсаар ирсэн. Харин өнөөдрийг хүртэл байгуулаагүй шалтгаан нь дотоодын газрын тосны олборлолт, нөөц хүрэлцдэггүй байсантай холбоотой. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Дорнод аймагт “Петрочайна Дачин Тамсаг” компани, Дорноговь аймагт “Доншен” групп газрын тос олборлодог. Сүүлийн үед дээрх аж ахуйн нэгжүүдийн олборлолтын байдлыг харахад цаашдаа бид дотоодын эх үүсвэртээ түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж болох нөхцөл боломж бүрдэж эхэлсэн. Тиймээс дотоодын түүхий эдийн эх үүсвэртээ түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмждэг. Үйлдвэр байгуулснаар гадагшаа урсах валютын урсгалыг зохицуулах, эдийн засгийн аюулгүй байдлаа батжуулах, дотоодын санхүү, үндэсний эдийн засагтаа томоохон хувь нэмэр оруулах алхам болно гэж харж байна.
-Өмнөх зээлүүд үр ашиггүй төсөлд зарцуулагдсан гэдгээрээ нэлээд шүүмжлэл дагуулж байна л даа. Тэгвэл газрын тос боловсруулах үйлдвэр эргээд хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж чадах бүтээн байгуулалт гэдгээрээ давуу талтай санагдах юм?
-Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлж нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаад байгаа нь маш зөв алхам.
Газрын тосны үйлдвэр байгуулахад өөрийн өртгөө, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд гадаадаас авч байгаа нефтийн бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй, зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тулгарч байгаа.
Мөн тээвэрлэлтийн асуудал байна. Хэрэв бид Дорнод аймгийн газрын тосны нөөцдөө түшиглээд боловсруулах үйлдвэр байгуулна гэвэл хэрэглээ өндөртэй бүс нутгууддаа хүргэх тээвэрлэлтийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маш хямд тээврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Бид нефтийн үйлдвэр байгуулах асуудалд ул суурьтай, тооцоо судалгаатай, нөгөө талд нь эдийн засгийн агуулгаар нь хандаж энэ ажил хийгдэх ёстой. Энэ асуудалд бид зоригтой шийдэл, шийдвэр гаргаад хийвэл Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын нэг том хүчин зүйл хангагдах болно.
Дотоодын эх үүсвэртээ түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадвал үүн шиг том бүтээн байгуулалт, зөв алхам өөр байхгүй. Ингэхийн тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Нефть бүтээгдэхүүний ганцхан үйлдвэр байгуулаад явдаг зүйл биш. Дагалдсан маш олон аж үйлдвэржилтийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай болдог. Холбогдох мэргэжилтнүүдийнхээ үгийг сайн сонсож, цогцоор нь маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Энэ ажил сэтгэлийн хөөрлөөр хийчихгүй, том ажил байхгүй юу.
-Үйлдвэр байгуулахад юуг анхаарах шаардлагатай вэ?
-Нэгдүгээрт, үйлдвэржилтийн талаасаа үйлдвэрлэлийн дэд бүтцийн шийдлүүдийг зөв гаргаж ирэх.
Хоёрдугаарт, нэгж өртөг нь импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх.
Гуравдугаарт, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байх гэсэн шаардлагуудыг хангаж байх хэрэгтэй.
Хийх нь бол зөв. Нефтийн үйлдвэр байгуулахад тавигддаг шаардлагууд бий. Аливаа үйлдвэр байгуулахад өөрийн өртгөө нөхөж чадахуйц нөөцөнд тулгуурлаж үйлдвэр байгуулах ёстой. Өмнө нь бага нөөцөнд тулгуурласан бага оврын, зөөврийн маягтай, стандартын бүрэн шаардлага хангахгүй үйлдвэрүүд яригддаг байсан. Тэдгээр бол манай улсын тухайн бүс нутгийн нефть бүтээгдэхүүний хэрэглээний тодорхой хувийг хангах хэмжээний гал унтраах төдий л зүйл яригддаг байсан.
Харин одоо бол Дорнод аймгаас олборлож байгаа нефть маань тодорхой хэмжээгээр орчин үеийн стандартын шаардлагад нийцэхүйц, үйлдвэрлэл байгуулах хэмжээнд олборлолт хийж байгаа. Тиймээс үүндээ түшиглээд ТЭЗҮ-ээ боловсруулаад, хэрэглэгчдэдээ хүргэх эдийн засгийн тооцоо, судалгаагаа сайн хийгээд явах хэрэгтэй.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих 100 хувь төрийн өмчит компани байгуулахаар Засгийн газраас шийдээд байгаа. Төрийн өмчит компани байгуулаад ашиг бага байдаг нь харагдаад л байна?
-Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Засгийн газар мэргэжлийн байгууллагуудтай хамтраад шийдэх байх.
-Үйлдвэр байгуулах асуудалд хөрш улсууд яаж хандах бол?
-Манай улсын хэрэглээ ОХУ-ын экспортолдог нефтийн нэг хувьд нь ч хүрдэггүй. Тэгэхээр бидэнд бүтээгдэхүүнээ зарахгүй байх нь ОХУ-ын эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт өгөөд нөлөөлөх нь бараг үгүй. Манайх өөрсдийн нөөцөд тулгуурлаад бүтээгдэхүүн үйлдвэрлээд явахад асуудал байхгүй шүү дээ.
-ҮАБ-ын үзэл баримтлалд энэ асуудлыг тусгаж, хэрэглээгээ дотооддоо бүрэн хангана гэж заасан байдаг юм билээ. Ер нь нефть газрын тос гэдэг нь манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн үү?
-Монголчууд бид XX зуунд туурга тусгаар улс болж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан. XXI зууны монголчуудын өмнө эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлаа батжуулах асуудал тулгарч байна. Нефть бүтээгдэхүүнийг дотоодын эх үүсвэрээр хангах асуудал үүний салшгүй хэсэг юм. Үүнийг дагаад үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал бэхэжнэ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.