Япон руу дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов
2017.03.29

Япон руу дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

- УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчилж байна -

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй айлчлалынхаа талаар болон хийсэн уулзалтууд, хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлээд хоёр гол асуудлыг хөндөв.

Эдгээр нь Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох зэрэгт зориулан Монголын Засгийн газраас бонд гаргаж, Японы тэтгэврийн сангаас хөрөнгө босгож болох, эсэх тухай асуудал байв.

Ноён Я.Шиозаки УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Япон, Монголын ард түмэн бие биедээ ойр дотно ханддаг хүмүүс. Бид Монгол Улсын бие даасан бодлого, хөгжлийн ирээдүйг чухалд тооцдог” гэж хэлэв.

Тэрбээр “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. 

Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг.

Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа.

350 мянган хүнийг үзэж эмчлэх клиник эмнэлэг барих төсөлд анхаарлаа хандуулахыг хүсэв

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Сайд Н.Номтойбаяр 300 хүний ортой, жилдээ 15,000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ төсөлд эрхэм сайд Та анхаарлаа хандуулахыг хүсье гэв.             

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Цаашид Тантай болон Таны хариуцдаг салбараар дамжин хамтын ажиллагааны олон асуудал хөндөгдөх байх. Та бол Монголын төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Тиймээс Таныг цаашид их зүйл хийнэ гэдэгт бид итгэж байна. Японы Засгийн газрын танхимд Монголыг сайн ойлгодог, биднийг дэмждэг хүн байгаад баяртай байна. Танд сайн сайхныг хүсье” хэмээв.