Л.Болд: "Эрдэнэт"-ийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.04.08

Л.Болд: "Эрдэнэт"-ийн 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх нь зөв шийдэл болно

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар УИХ- ын гишүүн Л.Болдын байр суурийг асуулаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах шийдвэрийг УИХ- аас гаргасан. Сүүлийн өдрүүдэд уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан ид өрнөж байна. Компанийн гэрчилгээг сольж ТУЗ-ийг нь 100 хувь төрөөс бүрдүүлсэн талаар та юу хэлэх вэ?

-Хэдийгээр УИХ-ын шийдвэр гарсан ч гэлээ ‘Эрдэнэт*-ийн 49 хувийг ‘Монголиан Коппер Корпорейшн’ гэдэг тэр компаниас ийм болхи байдлаар шууд нийгэмчилж байгаа юм шиг авч болохгүй л дээ. Бид зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг коммунист арга барилаар биш хуулийн засаглал доор ажиллаж амьдардаг эрх зүйт төрийн тогтолцоог 25 жилийн өмнө сонгосон, энэ нь манай улсын язгуур эрх ашиг юм гэдгээ мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр компанийг төрд 100 хувь авлаа гээд сайн сайхан болчих итгэл найдвар байхгүй. Харин ч эрх мэдэлтнүүдийн идэж уух савны хэмжээ томорч байдгийг бид харж байна.

Эрдэнэт“-ийн олон дарга, захирлуудын цалин хангамж, шахааны талаар манай хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжилж гаргаж тавьж байгаа нь сайн хэрэг. Чонын амнаас гараад барын аманд орлоо гэдэг шиг хууль бусаар авсныг залруулж байна гээд улсын нэрээр хулгайлагчид дураараа тонгочих эрхгүй.

Ерөөс иймэрхүү төрийн өмчит, байгалийн баялагт суурилсан компаниудын засаглалыг сайжруулж иргэдэд бодит үр өгөөж хүртээх Монгол Улсад илүү ашигтай, алсын хараатай шийдэл бий.

-Таны шийдэл тэгээд юу гэж?

-Ажлын хэсгийн гаргасан баримтаас үзэхэд “Монголиан Коппер Корпорейшн"-ий ‘Худалдаа хөгжлийн банк’- наас зээлж Оросын талд төлсөн 400 сая ам.долларын дийлэнх хувь нь Монголбанк, Хөгжлийн банкнаас авсан зээлээр санхүүжсэн юм билээ. Мөн "Эрдэнэт" үйлдвэрээс нь өөрөөс нь одоогийн байдлаар 60 гаруй сая ам.долларыг ногдол ашиг, гэрээний төлбөр байдлаар авчихсан гэж байгаа.

Тиймээс Монголын төр эдгээр компанитай хэлэлцээ хийж тооцоо нийлэх зарчмаар "Эрдэнэт"-ийн 49 хувийг буцааж аваад улсынхаа бүх ард түмэнд хувьцаа болгон эзэмшүүлэх бүрэн боломжтой. Боломжтой төдийгүй заавал хийх ёстой ажил.

Ингэж оролцогч аль аль талдаа ашигтай, ард түмэндээ хожоотой байдлаар шийдэхгүй л бол бид нийгмээрээ, намаараа талцаж үзэлцээд энэ асуудал хэзээ ч үр дүнтэй шийдэгдэхгүй. Сонгууль болгоны сэдэв болж эрх барьсан нам бүр нэг янзаар шийддэг болж саалийн үнээ маань хэрүүлийн алим л болж дуусна.

-49 хувийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэхийн давуу тал нь юу вэ? Таван толгойн хувьцаа шиг бас нэг үлгэр болохгүй байх баталгааг яаж хангах вэ?

-Би цөөнгүй жилийн өмнөөс стратегийн ордуудын төрд ногдох хувиар Баянмонгол корпораци байгуулж бүх ард иргэддээ хувьцааг нь эзэмшүүлэх санаачилга гаргаад яриад зүтгүүлээд явааг та мэдэх байх. Баямонгол корпорацийн тухай хууль санаачлаад оруулсан ч ганцаараа хүчгүйдэж янз бүрийн саналтай холилдон утга агуулга нь хазайж явсаар өнөөг хүрлээ. Гэхдээ ингэж зүтгэсний үр дүнд Хүний хөгжил сан, Эрдэнэс Монгол гэдэг стратегийн компани байгуулах гэх мэт асуудал шийдэгдэж Таван толгойн хувьцааны тодорхой хэсгийг ард иргэддээ эзэмшүүлсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуульд ч зарим зарчмууд тусгалаа олсон.

Гэхдээ Таван толгойн хувьцаа иргэдэд хангалттай өгөөжөө өгч чадахгүй байгаа нь иргэдэд очсон хувьцаа саналын болон хяналтын эрхгүй, тухайн компанид төрөөс томилогдсон дарга нар дураараа авирлах боломжтой шахааны газар болсноос болж байгаа юм. Дээр нь Таван толгойг тойрсон улс төржилт компанийн үнэ цэнийг өсгөхгүй, иргэдийн гар дээрх хувьцааг амь оруулахгүй байна.