Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.04.08

Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.04.07/ хуралдаанд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.

Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юм” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.

Энэ удаа хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байгаа юм байна.

Ерөнхий сайд Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байна хэмээн онцолсон.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж буй аж.

Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар танилцуулсан.

Хууль санаачлагчаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай уялдуулан дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж дээрх хуулийн төслийг боловсруулсан хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд төсвийн тогтворжуулалтын сантай холбоотой нэг ижил асуудлыг тусгасан тул хамтад нь багцлан хэлэлцэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар танилцуулсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Улаан төсвийн хүрээний мэдэгдэлд заасан төсвийн орлого, зарлага, тэнцэлтэй холбоотой төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг сайжруулдаггүй юм гэхэд батлагдсан түвшинд нь хэвээр нь үлдээх хэрэгтэй, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өссөн, өрийн дарамт багассан байхад эдийн засгийг цаашид үргэлжилж унахаар тооцож оруулж ирсэн нь буруу, хэлэлцүүлгийн үед төсвийн орлого дайчлах, төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг гаргажээ.

Засгийн газраас төсвийн хүндрэлтэй байдлыг даван туулах зорилгоор төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэхгүйгээр хуримтлагдсан эх үүсвэрийг ашиглах нь зүйтэй гэж үзэж төсвийн тогтворжуулалтын сантай холбоотой зохицуулалтын үйлчлэх хугацааг 2024 он хүртэл сунгаж, сангийн хуримтлалыг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Улаан Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж дуусах хүртэл хойшлуулах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.

Хууль санаачлагчаас гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгохжурмыг Засгийн газар баталдаг байхаар, Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч жил бүр ажлын 15 өдөр амрахаар, гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчид суралцах хугацаанд нь сургалтын тэтгэлэг олгодог байхаар, цэргийн анги, байгууллагаас байраар хангагдаагүй цэргийн алба хаагчдын орон байрны нийгмийн асуудлыг Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэхээр, түүнчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгохгүй байхаар, улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад 5 жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгохгүй байхаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй аж.

Хууль санаачлагчаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмэгдүүлж эрэгтэй 2027 онд, эмэгтэй 2037 онд тус тус 65 насанд хүргэж нэмэгдүүлэх, мөн халамжийн тэтгэвэр авах насны хязгаарыг 65 хүргэхээр, олон хүүхэдтэй болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох насны хязгаарыг жилд 6 сараар нэмэгдүүлэхээр хуулийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг , УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд концессын нэг ижил асуудлыг тусгасан тул хамтад нь багцлан хэлэлцэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хууль санаачлагчаас нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.6 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас гэж, 2020 оноос алдагдалгүй гэж байсныг 2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2023 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчаас доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 70 хувийг тухайн шатны төсөв үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлдэг байсныг 60 хувийг 2017 онд, 40 хувийг 2018 онд, 60 хувийг 2019 онд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн төвлөрүүлдэг байхаар, мөн өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй байхаар, түүнчлэн үүсмэл орд ашигласнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10 хувийг ашигт малтмал ашигласан тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс, мөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлдэг зохицуулалтыг 2020 оноос хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Б.Баттөмөр нар төсвийн нэгдмэл байдлыг хангах хүрээнд концессын асуудлыг Сангийн яаманд бүхэлд нь хариуцуулах, өмч хувьчлалын орлогын бүртгэлийг тодорхой болгох, концессын асуудлыг хэлэлцүүлгийн үед нягталж, хуулийн төслийг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан байна.

Хууль санаачлагчаас төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс 2023 он хүртэлх хугацаанд тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болохоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс тухайн жил бүр улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргасан аж.

Хууль санаачлагчаас иргэдийн дотоод, гадаад бүх мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар, оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод 20 хувийн албан татвар ногдуулахаар, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг орлогын түвшингээс нь хамааруулж 10, 15, 20, 25 хувиар шатлалтайгаар ногдуулахаар, албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар 240 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчаас хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 100 хувь чөлөөлдөг байсныг 50 хувиар хөнгөлөхөөр, суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр, бүх төрлийн согтууруулах ундаа, бүх төрлийн тамхины тогтоосон биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нийт хуулийн төслүүдийг байнгын хорооны гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсэг болон УИХ-ын гишүүнээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39000 гаруй албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор тусгах санал дэмжигдсэн байна. Мөн дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авахаар тусгажээ.

Түүнчлэн дээр дурдсан албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бол авлигатай тэмцэх байгууллагад мэдэгдэж, харин хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх бол тус байгууллагад мэдэгдэхгүйгээр тухайн хугацаанд хуулийн төсөлд заасан хориглолт хамаарахгүй байхаар тусгах, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох, хуульд заасан хориглолтыг зөрчих, урьдчилан мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байх нь уг албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болохоор төсөлд тусгасан байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Энх-Амгалан нар хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд өмнө нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ худалдах, шилжүүлэх, татах, үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах тухай ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд энэ хуулийн 10.2, 10.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй байх тухай ажпын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын талаар тус тус цөөнх болсон аж. Хэлэлцэж бөуй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Тогтоолын төслийг баталлаа

Мөн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Тогтоолын төлсийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2000,2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байсан ажлын хэсгүүдээс болон иргэд, эрдэмтэн судлаачдаас тодорхой санал, дүгнэлтүүдийг энэ хугацаанд гаргасан байна. Түүнчлэн, Монгол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газраас байгуулан ажилласан билээ. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилан боловсрууллаа.

Байнгын хороо тогтоолын төслийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулах сэдэв, хугацаа, газар нутаг, төсвийг тогтоолын төсөлд тусгасан болно.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлахаар заасан.             Зөвлөлдөх санал асуулгын сэдвийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалтын дагуу 6 ерөнхий заалт, 13 дэд заалттайгаар боловсруулж тогтоолын 02 дугаар хавсралтаар батлахаар тусгалаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүд санал асуулгын үр дүнд гарах шийдвэр, хэлэлцүүлгийн үйл явц, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн, санал асуулгын сэдвийн талаар асуулт асууж, хариулт авч байсан.

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийн гарчигт "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга" гэж тодотгон нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан санал асуулгыг орон даяар явуулах тухай тодорхой тусгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан санал асуулгын сэдвийн 6 дахь заалтын "шатлал бүхий" гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг санал асуулгын үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллийг оролцуулах, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зөвлөлдөх санал асуулгын талаар олон нийтэд тайлбарлан таниулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан.

"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн гэлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж тогтоолын төслийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.