500 мянга орчим га талбайд хүр хорхой тархжээ
2017.04.11

500 мянга орчим га талбайд хүр хорхой тархжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.04.11/ болж, Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хүр хорхойг устгах чиглэлээр салбарын яам энэ онд ямар ажил хийх, агаарын бохирдлыг бууруулахад мөн юу хийх талаар тодруулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тайлбарласнаар бол Сибирийн хүр хорхой Монгол орны 500 мянга орчим га талбайн ойд тархжээ. 2017 оны төсвийн тодотголд 150 мянга орчим га талбайд устгал хийх зардлыг суулгаж өгсөн аж.

Тиймээс хөрөнгө мөнгөндөө тааруулаад устгал хийхээс өөр аргагүй юм байна.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээс хүр хорхойг устгах саналыг олонтаа ирүүлсэн аж. Гэвч устгал хийхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай болдог учраас хүндрэлтэй тулдаг байна.

Байгалиа ашиглаж чаддаг хэрнээ хамгаалах талын ажлыг хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан орхигдуулж байна гэдгийг салбарын сайд нь энэ үеэр онцоллоо.

Мөн агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Уг хөтөлбөрт агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр суулгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.9 их наяд төгрөг шаардлагатай. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаад, дотоод эх үүсвэр, зээл тусламж зэрэг бүхий л хүчин чадлыг дайчлан босгохоор төлөвлөсөн байна.

Хамгийн их зардал шаардаж байгаа ажил нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гурван ч хог боловсруулах үйлдвэр байгуулах зэрэгт зарцуулагдана.

Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцна. Тендер зарлаад ажил эхлүүлэх шатандаа орсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Нүүрсний хэрэглээг бууруулснаар орлуулах бүтээгдэхүүн юу байх вэ гэдгийг шийдэх ёстой.

Эрчим хүчинд холбогдоогүй айлуудыг цахилгаантай болгох, дулаанаа халаалтаар шийддэг болох, шахмал түлшийг үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай болсон аж.

Түүхий нүүрс хэрэглэдэг төрийн байгууллагууд нэлээд олон байгаа гэнэ. Сургуулиуд халаалтаа уурын зуух ажиллуулж шийддэг. Ирэх намар гэхэд 70 зуухыг шинэчилнэ. Энэ мэтчлэнгээр уурын зуухыг халж, төвлөрсөн халаалтад шилжүүлэх зэрэг тодорхой ажлууд хийгдэх юм байна.