НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд айлчилж байна
“Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа нь онцлог болж байна.
Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Харин 2016 оны 1 дүгээр сараас Р.Глассер НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд хийх айлчлалынхаа эхэнд өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно.
Мөн ноён Р.Глассер 2017 оны 04 дүгээр сарын 06-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НҮБ-ын Монгол дах төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерын Монголд хийх айлчлал баасан гарагт өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.