Байнгын хороон дарга санал солилцов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хосе Фиррасисыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус Байнгын хороотой хамтран хэрэгжүүлж буй «Ядуурлыг бууруулах» сэдэвт төслийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар болон цаашид хүн ам, жендэр, хөгжлийн асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцаж санал солилцов. Байнгын хорооны дарга тус сангаас хэрэгжүүлж буй «Улс орны хөгжлийг дэмжих дөрөв дэх хөтөлбөр»-ийн хүрээнд хамтран ажиллаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлж, «Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга», «Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай», «Жендэрийн тэгш байдлын тухай хууль»-ийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нэлээд ажил хийгдэж байгааг дурдлаа. Мөн өнөө үед гадаадад ажиллах хүч гаргаж байгаатай холбогдон гэр бүл салалт, хүүхэд өнчрөх үзэгдэл газар авч байгааг хэлж, хүүхдийн эдийн засгийн баталгааг хангах, гэр бүлийн харилцаанд үүсч буй шинэ харьцааг зохицуулах, үнэт зүйлсийг хадгалах, гэр бүл төлөвлөлтийг зөв зохистой шийдвэрлэх асуудал чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэлээ.