ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ
2016.10.31

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ

Монгол бахархлын өдөр тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат СТА, жүжигчин Г.Ундармааг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг гэдгээ энэ үеэр хэлж, өөрийнх нь хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлсэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагуудад талархснаа илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат яамны зүгээс эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж, салбартаа тулгамдаж байгаа асуудлыг хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд таатай байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Манай эрүүл мэндийн салбарт тэр бүр хүрч ажиллаж чадаагүй ажлыг нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаад нь талархал илэрхийлж Г.Ундармааг хүлээн авч байна. Өргөө амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв зэргийг “Итгэлийн танхим”-аар тохижуулж үйлчлүүлэгчдийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө гээд иж бүрнээр тохижилтыг хийж өгч байгаа. Төрийн зүгээс тэр бүр хийж чадахгүй байгаа ажлыг иргэн хүн ийнхүү хийж байгаа нь талархууштай зүйл юм. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс Г.Ундармаагийн хийж хэрэгжүүлж буй ажилд талархал илэрхийлж Эрүүл мэндийн яамны хүндэт өргөмжлөл гардуулж байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Цаашид эрүүл мэндийн яамнаас таны хийж буй энэхүү ажлыг дэмжиж ажиллах болно” гэлээ.