Д.Очирбат:АН Хуулийг хуулиар нь наймаалцдаг
2012.01.24

Д.Очирбат:АН Хуулийг хуулиар нь наймаалцдаг

 

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол ,соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай уулзлаа.
-Эхчүүдэд урамшуулал олгох хуулийн төслийн санаачлагчийн нэг нь та. Яагаад энэ хуулийг санаачлах болов?
-Нэр бүхий гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр  сард Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан. Одоо байнгын хороодын хурлаар хэлэлцэгдэж байна. Яагаад энэ хуулийг гаргах гээд байна вэ гэж үү.  Ердөө л  Монголын үрсийг маш олон   болгох.Монголчууд өнөөдөр 2.7 сая гэдэг нь дэндүү чамлалттай тоо. Манай хойд хөрш 145 сая, урд хөрш нэг тэрбум гаруй хүн амтай. ОХУ олон сая иргэнтэй мөртлөө  хүн  амынхаа тоог өсгөх бодлого барьж байхад дөнгөж 2.7 сая  хүн, амтай  бид энэ тухай огт ярьдаггүй. Гэтэл Монголын хүн ам зүйн бодлогод цонх үе нээгдсэн.
Хүн ам зүйн бодлогод аль нэг насныхан давамгайлахыг цонх үе гэж хэлээд байгаа юм.
Манайд. эхчүүдийн төрөлт маш бага.  Жилдээ 30 мянган хүүхэд төрж байна. Гэтэл урд хөршийн Эрээн хот зургаан сая хүн амтай.Тиймээс эхийн хүүхдээ асрах хөдөлмөрийг хүүхдийнх нь тоогоор үнэлэх хэрэгтэй. Өнөөдөр халамжийн  чиглэлийн  олон эрх зүйн баримт бий. Гэтэл тэр дотор эхчүүдийг  дэмжсэн зүйл бараг алга.
-АН-ын бүлгээс УИХ, Засгийн газраас халамжийн ямар нэгэн шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж хуулийн энэхүү төслийг дэмжээгүй шүү дээ?
-Эхчүүдээсээ хэдэн төгрөг харамлах хэрэггүй байна уу. Ухаалаг иргэний үнэмлэх тараахад, Монгол малыг үржүүлэхэд хичнээн сая төгрөг зарцуулж байгаа билээ. Яагаад жилд эхчүүдэд 30 тэрбум төгрөг өгчхөж болохгүй гэж. Ямар ч байсан энэ хуулийг гаргах болно. Энэ бол  тухайн  өрхөд хамгийн бодит дэмжлэг болох юм. Тиймээс АН-ынхан гаргасан шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэж байгаа. Эргэж харах ч ёстой. Тэгээд ч энэ нь АН-ын Ч.Сайханбилэг болон бүлгийн гишүүдийн шйдвэрээр шийдэх асуудал биш. Үүний цаана Монголын мянга мянган эхчүүдийн эрх ашиг бий. Үүнийг сонгуультай холбоод байх  ч зүйл айхгүй. МАН  энэ  асуудлыг  гаргасан учраас АН-ынхан дэмжих  ёсгүй гэсэн ойлголт бас байж болохгүй. Ард түмнээсээ сонгогдсон л бол тэдний төлөө гэсэн шийдвэр гаргах үүрэг нь байгаа. Эх орон ч хуулийн төсөл гэж бодож байна. Гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд сар бүр урамшуулал олгоно. Бүр найман хүүхэд төрүүлсэн бол цалингийн доод  хэмжээгхоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшууллыг олгох тухай хуулийн төсөлд тусгасан.  Дээр  нь олон хүүхэд төрүүлсэн,   хүүхдүүд нь насанд хүрсэн бол тухайн эхэд сар бүр бус жилд нэг удаа тодорхой хэмжээний урамшуулал олгоё гэж байна.МАН-ын бүлгийн хурлаар үүнийг дэмжсэн. Харин АН-ын бүлгийн хурлаар дэмжээгүй нь бүх гишүүдийнх нь бодол гэж үзэхгүй байгаа. Ч.Сайханбилэг нарын хэсэг хүмүүсийн санал, санаачилга гэж бодож байна.
-Дэмжихгүй байх шалтгаанаа АН-ынхан Сонгуулийн хуультай холбон тайлбарласан. Тодруулж хэлбэл ямар нэгэн халамжийн чиглэлийн амлалт өгөхийг хуулиар хориглосон?
-Сонгууль сонгуулийнхаа хуулиар л явна. Намайг сонгоорой гэж тавь, зуун мянган төгрөг өгөх асуудал биш. Энэ нь нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс эхчүүдэд олгож байгаа урамшууллын хууль. Шинэ хуулийг санаачилж, өргөн барьсан хэрэг. Тиймээс сонгуультай холбох нь тэнэг зүйл.
-Та бүхний тооцоолсноор энэ хууль хэрэгжиж эхэллээ гэхэд хэдэн эх хамрагдах вэ?
-Жилд 30 тэрбум 500 сая төгрөг зарцуулах тооцоо бий. Эдийн засгийн нарийвчилсан тооцоог гаргуулж байгаа. Гурваас дээш,16 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдэд 30 гаруй тэрбум төгрөгийг олгох нь өнөөдөр тийм хүндрэлтэй асуудал биш.
-Сонгуультай холбох хэрэггүй гэлээ. Гэтэл танай намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин үүнийг намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал гэж байсан?
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох нь МАН-ын хөтөлбөрт тусгасан асуудлын нэг. Тиймээс хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрт үүнийг ерөнхий утгаар тусгасан. Харин хуульд гурван хүүхэдтэй бол тэд, дөрөв бол ийм төгрөгийн урамшуулал олгоно гэх зэргээр нарийн зааж өгсөн. Тэгж ярих юм бол 0-16 насны, наймаас дээш хүүхэдтэй өрхөд яагаад гурван өрөө байр өгч болохгүй гэж. Манай хойд хөрш таван хүүхэд төрүүлсэн эхэд таван өрөө байр олгож байна.
-Цаг хугацааны тухайд оноогүй юм биш үү. Үүнийг сонгуулийн жилд ярихаар амлалт гэсэн ойлголтыг төрүүлж байна?
-Эдийн засгийн судалгаа, тооцоо зэрэг асуудлыг шийдэхэд цаг хугацаа  зарцуулсан.  МАН-ын Д.Очирбат гэдэг нөхрийн санаачилсан хууль,МАН-ынхан ард түмний итгэлийг олох зорилготой гэж битгий бодооч АН-ынхаан.
-Дараагийн УИХ байгуулагдахаас өмнө хууль батлагдах найдвар бий юу?
-Сэтгүүлчид та бүхэнтэйгээ нийлж энэ асуудал дээр лобби хиймээр байна. АН-д эхчүүдийнхээ, Монголын үрсийг олон болгохын эсрэг бодлого байна уу. Хэрвээ тийм бол түүнийгээ нийтэд мэдээлэх хэрэгтэй. Эцсийн эцэст энэ чинь Монголын ирээдүйн хөгжилтэй холбоотой асуудал. Бид хүн нэмэгдэхээр хүнс нэмдэг гэж ярьдаг шүү дээ.
-АН энэ асуудлыг дэмжихгүй гэсний цаана өөр бодлого бий гэсэн хардлага байна. Эхэд урамшуулал олгох асуудлыг гацааж байгаад өөрт ашигтай асуудлыг тавьсан зүйл бий юу?
-Ер нь АН-ынхан ийм л болж. Манай намаас ямар нэгэн асуудал оруулах гэхээр заавал шантаажилна. Тухайлбал, манай байнгын хороонд байнга энэ асуудлыг гаргадаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэх үед АН-ынхан долоон удаа завсарлага авсан. Тэгээд яасан гэвэл дундуур нь нэг хууль гаргаж ирээд үүнийг дэмжих юм бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг чинь дэмжинэ гэдэг. Халамжийн тухай хууль сая л гацаанаас гарч байх жишээтэй. Иймэрхүү наймаалцсан зүйл АН-д байгаа юм.
-Гэтэл хамтарсан Засгийн газар гар нийлэн ажиллаж байна гэсэн ойлголт нийгэмд бий?
-Хамтарсан гэдгээр бүх зүйл дээр хамтраад, ханараад байна гэж юу байх вэ.
-Хууль батлагдлаа гэхэд хэр урт настай байх бол гэсэн эргэлзээ байгаа нь нууц биш. Магадгүй дараагийн УИХ, Засгийн газар өөрчилж болно шүү дээ?
-Энэ бол Монгол улсын хууль. Монгол улс оршин тогтнож байгаа бол хууль хэрэгжиж таарна. Сонгуулийн амлалт биш. Тиймээс хамгийн урт настай, эх оронч хууль байх болно. Хуульд өөрчлөлт орлоо гэхэд харин ч урамшууллыг нэмэгдүүлэх өөрчлөлт хийгдэх байх.
-Хүүхдэд сар бүр 3000 төгрөг өгч байхад төрөлт нэмэгдсэн. Гэхдээ мөнгө авах л гэж хүүхэд төрүүлсэн нь их байсан. Гэтэл тэр мөнгөний хүүхэд эцэг, эхийн хайрыг мэдрэхгүй гудамжинд гарч байгаа. Энэ нь Монголын ирээдүй мөн үү?
-3000 төгрөг гэдэг тухайн үед санаачилж байсан нэг хувилбар. Төрөлт нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Одоо 3000 бус 140 мянган төгрөг өгье гэж байна. Энэ нь өрхөд хамгийн бодит дэмжлэг болно. Хүүхдээ өсгө гэж эхэд нь өгч байгаа мөнгө. Өрх бүр олон хүүхэдтэй больё. Үүнийг бүр уриалах хэрэгтэй байна. Монгол улс хорь, гучин сая хүн амтай болох хэрэгтэй. Яагаад болохгүй гэж, мөнгө авахын тулд л хүүхэд төрүүлэл дээ. Монгол улс хөгжихийн тулд олон сая иргэнтэй байх ёстой.Хүн нэмэгдэнэ гэдэг тухайн улсын ажиллах хүч,үйлдвэрлэл нь нэмэгдэнэ гэсэн үг.Үүнийг дагаад Монгол улс хөгжинө.
-Хүн ам зүйн бодлогоо бодох нь юм бол зөв. Дээр та хүн ам зүйн цонх нээгдлээ гэж хэлсэн. Хар хайрцагны бодлого хэрэгтэй байна?
-10 жилийн дараа ид ажил хийх насны хүмүүс эрс багасаад ирнэ. Гаднаас ажилчин авах уу? Яах ёстой юм гэдгийг ярих цаг болсон. Эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжих үү, өрх гэр бүлд яаж туслах вэ, гадаадыг зориод байгаа ажиллах хүчийг хэрхэн авчрах гээд олон асуудал гарч байна. Тиймээс хүн амын бодлогыг одооноос зохицуулах ёстой. Хамгийн түрүүнд хүн амын тоог нэмэгдүүлэх нь чухал.
-Монгол улс халамжийн орон боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үүнтэй санал нийлдэггүй. Энэ бол харьцангуй ойлголт. Улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад чиглэсэн халамжийн тогтолцоо байх ёстой. Хамгийн гол нь хүндээ хүрэх учиртай. Хүндээ хүрч чадахгүй болохоор зарим улс төрч бухимдаад байгаа хэрэг. Сонгуулийн амлалт, халамжийн асуудлыг нэг зүйл мэт ойлгож болохгүй.
-Халамжийн үйлчилгээ хүндээ хүрч чадаж байна уу?
-Хүнд хүрч үйлчилж чадахгүй байгаа. Ердөө тэдэн хүн байгаа, тийм хэмжээний хөрөнгө оруулалт тавьчих л гэдэг. Хуучин арга барилаараа яваад байна. Удахгүй Халамжийн тухай хууль хэрэгжинэ. Энэ хуулиар бол өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалаар ядуу өрхийг тодорхойлно. Дармаа гэдэг иргэн байлаа гэхэд хэдий хэмжээний ядууралтай гэдгийг тодорхойлж өгнө. Дараа нь Дармаа гэдэг иргэнийг бус, Дармаа гэдэг өрхөд халамж хамгааллыг хүргэнэ. Өмнө нь зөвхөн Дармааг л ядуурлаас гаргах тухай ярьдаг байлаа.
-Суурь тэтгэврийн  тухай яригдаж байсан. Тэр одоо ямар шатандаа яригдаж байна вэ?
-Монгол улсын иргэн нийгмийн даатгал төлсөн, төлөөгүй бүгд тэтгэвэр авахыг энэ хуулиар зохицуулж өгнө. Ажил хийж явсан иргэн суурь тэтгэвэр дээр нь нийгмийн даатгал төлсөн байдлаар нь тэтгэвэр нэмэгдээд явах юм. Энэ асуудал удахгүй яригдана. Мөн л АН-ынхан шантаажлах гэнэ биз. МАН зүүн чиглэлийн нам. Энэ чиглэлээ барих нь гарцаагүй. Хэрвээ АН-ын үзэл бодлоор явах юм бол зүүний чиглэлийнх гэж явах хэрэг байхгүй болно. Ардчилсан нам бол барууны чиглэлийн хөрөнгөлөг давхаргыг дэмждэг.
-Суурь тэтгэвэрт хэдэн хүн хамрагдах вэ?
-30 гаруй мянган хүн хамрагдах тооцоо  бий.  Ганзагын наймаа эрхэлж байгаа нийгмийн даатгалын харьцаа үүсээгүй зэрэг хүмүүс үүнд хамрагдана.