2010.07.30
Д.Очирбат: Хувийн эрх ашгаар хууль гацаах нь буруу
Монгол Улс 1981 онд Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон билээ. Улигаар өнгөрсөн жил Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ жилийн хаврын чуулганаар өргөн барьсан юм. Уг нь хаврын чуулган завсарлахаас өмнө батална хэмээж байсан ч хэд хэдэн асуудлын улмаас хойш тавигдсан юм. Энэ талаар Жендерийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Д. Очирбатаас тодрууллаа.
-Хаврын чуулганаар Жендерийн тухай хуулийг батална гэж байсан. Гэтэл намрын чуулган үзэх боллоо. Сонгуулийн тухай хуулиас болж гацаанд орчихов уу?
-Тийм ээ, Сонгуулийн тухай хуультай холбоотой хойшилсон. Намын бүлгүүд дээр хэлэлцэж байгаад хойшлуулах санал гаргасан юм билээ.
Квотын асуудал нэлээд маргаантай байгаа. Улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэтэрхий бага байна гэх болсон. Тиймээс намуудын зүгээс үүнд анхаарч тус тусын байр сууриа ч илэрхийллээ. Ер нь Жендерийн хууль гэдэг нь эр, эм хүйсийн ижил тэнцвэртэй, тэгш байдлын тухай юм. Хүмүүс улс төрийн өнцгөөс ихэвчлэн хардаг. Үнэндээ ч Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд эмэгтэйчүүдийн квот тогтох юм. Үүнийг шийдчихвэл Жендерийн хуульд тухайн салбарт ажиллах эр, эм хүний квотоо суулгаад л болно. Иймд намрын чуулган хүртэл хойшлогдоод байна.
-Гишүүд энэ хуулийг дэмжих сонирхолгүй байгаа талаар эмэгтэй гишүүд ярьж байсан. Магадгүй зарим нэгний сонирхлоос болж энэ хууль ухраад байгаа юм шиг?
-Улстөрчдийн ашиг сонирхлоос болж энэ хууль гацаанд орох ёсгүй. Мөн ажлын хэсгийн ахлагчийн хувьд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль аливаа нэгэн квот, улс төрийн сонгуулийн асуудлаас болж гацаанд орох нь буруу. Энэ бол зөвхөн бүсгүйчүүдтэй холбоотой асуудал биш. Эрүүл мэнд, боловсрол, төр захиргааны байгууллагын ажилчдын олонх нь эмэгтэйчүүд. Тухайн мэргэжлээр төгссөн эрэгтэй хүмүүсийг яагаад ажилд авахгүй байна. Бүгд эрх тэгш байх ёстой гэсэн санаа хуульд бий.
-Тэгвэл намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хүлээлгүй батлуулах гэж үү?
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын эхэнд оруулна. Уг нь хаврын чуулганаар батлуулчих санаатай байсан юм. Харамсалтай нь амжсангүй. Квотыг механикаар юм уу, хэт тогтоож шийдэж өгч болохгүй. Жендерийн тухай хуулиар эр, эм хүйсийн эрх тэгш байдлыг хангаж буй. Энэ утгаараа хуулийн нэгээхэн зүйл заалт л гэсэн үг. Гэтэл ганц заалтаас болж хууль гацна гэдэг байж болохгүй.
-Нөгөөтэйгүүр парламентад гуравхан эмэгтэй гишүүн бий. Үүнээс харахад ард түмний сонголт квот байсан байгаагүй сонгогчдоос бас хамаарах юм шиг?
-Үнэн. Хэдийгээр хуульчилж квот тогтоож байгаа ч эцэстээ үр дүн нь ийм л байна. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. 2008 оны сонгуульд эмэгтэйчүүд хувийн сонгууль их хийсэн. Бодит амьдрал дээр ард түмэн гурван л эмэгтэй гишүүн сонгосон байна. Энэ бол бодит үр дүн.
-Жендерийн тухай хуульд улс төрийн намууд нэр дэвшигчээ сонгохдоо 30 хувийн квот гэж яригдаж байсан. Гэтэл шинэ сонгуулийн хуулиар 15 гэж яригдах боллоо. Энэ тоо хоорондоо хэр харшлах бол?
-Хуулийг гацаанд оруулаад байгаа асуудлуудын нэг нь энэ. Хуульдаа Жендерийн эрх тэгш байдлын асуудал бодит амьдрал дээрээ их зөрүүтэй болоод эхэллээ. Үнэндээ манай улсад хууль хэрэгждэггүй. Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль өөрөө маш агуулгатай, олон улсын хэмжээнд мөрдөгдөж, хүлээх үүрэгтэй. Иймээс одоо яригдаж байгаа энэ хуулийг баталчих хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульдаа тухайн үед нь өөрчлөлт оруулаад явахад буруудах юм байхгүй. Эсвэл ерөнхий зохицуулалтаараа намууд сонгуульд нэр дэвшүүлэх боловсон хүчний асуудал дээрээ тодорхой хэмжээний зохицуулалтыг өөрсдөө хийж болох юм.
-Квот тавихгүй болохоор дээд шатандаа эрчүүд давамгайлж, өнөөх эцгийн эрхт ёс шинэ эринд бий болох хандлага давамгайлдаг болов уу?
-Шат дамжлагаар нь эмэгтэй, эрэгтэй гэж ялгаж, салгамааргүй санагддаг. Харин ерөнхий эрх тэгш байдлын тухай л ярих ёстой. УИХ-д орж байгаа эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг тэнцвэрт байдлыг хангах нь хуулийн нэг л хэсэг.