Ж.Эрдэнэбат: Тариаланчдаа дэмжиж чадвал монголчуудынхаа хүнс, тэжээлийг бүрэн хангах бололцоо тэдэнд байна
Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.
Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлнэ
Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт хийж байна. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай, бусад талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж байна. Тариалалт 60 хувьтай байна, энэ сарын 24 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус аймгийн Жавхлант сумын “Хурниад” компанийн хаврын тариалалттай танилцлаа.
Тус компани сумандаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Энэ онд 1200 га талбайд тариалалт хийгээд дуусч байгаа ажээ.
Тус компанийн захирал Б.Батболд "Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Техникийн шинэчлэлт хийж байгаа. Шинэ технологи дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна” гэж байлаа. Мөн Засгийн газар татахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархлаа илэрхийлэв.
Ерөнхий сайд дараа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр уулархаг бүсийн тариан талбайг салхинаас хамгаалах чиглэлээр ойн зурвас байгуулах ажлын анхны шанг татаж, тариан талбайд мод тарилаа.
Эх орны хөрсөнд ургасан үр илүү сайн ургадаг
Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийхээс 80 орчим хувьтай байна. 55 мянган тонн ургац авахаар төлөвлөсөн гэж Засаг дарга З.Батзориг хэллээ. Үрийн нөөц, бензин шатахууны асуудлаа салбар яамтайгаа ярьж шийдвэрлүүлсэн байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймагт ажиллах үеэрээ “Молор-Эрдэнэ түрүү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийх будаагаа “Алтантариа” компанид нийлүүлдэг байна. Мөн чацаргана тариалдаг ажээ.
Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг хэмээн тус компанийн захирал хэлж байсан юм.
П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг. Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадлаа. Одоо байцаагаар хангах ёстой. Энэ ажилд идэвхтэй оролцъё гэж ажиллаж байна. Байцаа хадгалалт даахдаа муу. Маш сайн зоорьтой байх ёстой, ер нь эрсдэлтэй. Гэхдээ хичээж ажиллана гэж тус бүлгийн ахлагч Л.Ганбат ярьж байлаа.
1990-ээд онд Сангийн аж ахуй хувьчлагдахад хэдэн трактор аваад гарсан, нэгийг нь нөгөөгөөр нь нөхсөөр ганц нэгтэй л үлдээд байна. Тиймээс ногоочид бидэнд техник, технологийн шинэчлэл л хэрэгтэй. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг тодруулав.
Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон байгаа гэлээ.
Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй. Үүний 3580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ж.Бат-Өлзий ярилаа.
Ж.Эрдэнэбат: Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тариаланч, ногоочдоо дэмжинэ
Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр,
“-Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.
Манай тариаланчид хаврын нэг өдрийг намрын нэг өдөртэй тэнцдэг зүйрлэдэг. Тийм учраас тариалалтын мэдээ цаг тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа. Тариалалт энэ сардаа багтаж дуусахаар байна.
Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын технологийг түхүү барихгүй бол хөрсний үржил шим алдагдах, хөрс цөлжих эрсдэлтэй байна. Хөрс хамгаалах нь тариаланч болгоны санаа зовох асуудал мөн. Хөрсөө шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтэд үндэслэсэн “эмчилгээг” заавал байх ёстой гэдэгт тариаланчид маань санал нэгтэй байгаа. Газар тариалан биднийг олон жил тэжээнэ. Газар нутгаа үр хойчдоо үржил шимтэй хэвээр нь үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудлыг өнөөдрөөс ярьж эхлэх ёстой. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.
-Газар тариалангийн салбарт хүний нөөц дутагдаж байгааг тариаланчид хэлж байна. Засгийн газар хэрхэн яаж анхаарах вэ?
-Мэргэжлийн сургалтын төвүүд газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ёстой. Ийм мэргэжилтэн бэлтгэх сургалтад техник, тоног төхөөрөмжийн хүндрэл гарна. Аль нэг төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнан сургалт явуулдаг байх, энэ төвийг тоног төхөөрөмжөөр хангахад Засгийн газрын оролцоо байх ёстой учраас анхаарч ажиллана. Мөн залуусын хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал байна.
Тиймээс Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргасан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр тариаланчидтай уулзахад аяны хүрээнд үзүүлж байсан дэмжлэг, туслалцаа энэ хаврын тариалалтын үеэр ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж байна. Тариаланчдаа хүнээс гуйгаад байхааргүй, хөл дээр нь босгох арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлчих юм бол манай тариаланчдад монголчуудынхаа хүнс тэжээлийг 100 хувь бэлтгэх бололцоо нь бүрэн байна.
-Төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадлаа. Иймд импортын төмсөнд хяналт тавих, хязгаарлах хэрэгтэй гэсэн санал бас гарч байна.
-Засгийн газар бололцооны хэрээр хяналт тавьж байгаа. Гэхдээ импортын бүтээгдэхүүнийг хориглох бололцоо байхгүй. Харин импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх учиртай. Иймд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр анхаарах ёстой. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр туршлагатай ОХУ, Украин зэрэг улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн. Орхон аймгийн Жаргалант сумын ногоочидтой сая уулзлаа. Энэ хүмүүс “Ажил хөнгөвчлөх техник тоног төхөөрөмж авахад туслаач” гэж байна. Сүүлийн үеийн, сайн тоног төхөөрөмжтэй болж байж тариаланчид илүү том талбайд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэж байж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө.
-Тариаланчдын ярьж буй бас нэг асуудал нь үрийн чанарын тухай байна.
-Үрийн аж ахуй байгуулах ёстой. Баталгаатай, найдвартай үрээр ногоочдоо хангах ёстой. Тарианы хувьд аж ахуйн нэгждээ түшиглээд үрийн аж ахуй байгуулах бүрэн боломж байна. Харин хүнсний ногооны хувьд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч үр, үрсэлгээ хийхгүй бол болохгүй. Жишээлбэл, та бүхэн ногоочидтой уулзахдаа анзаарсан байх. “Өмнө жил ийм үрээр тарьсан, энэ жил өөр үр тарилаа.
Энэ арай сайн байх шиг байна” гэж ярьж байгааг. Энэ ямар нэг бодлого байхгүйг харуулж байна. Монголын хөрсөнд тохирсон, хадгалалт даах чадвартай үр мөн үү гэдгийг ногоочид маань л туршаад байгаа болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаад ирсэн дүгнэлт алга. Тийм учраас ногоочиддоо зориулсан үрийн аж ахуйг бий болгож байж тэднийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.