2017.06.02

Эдийн засгийн өсөлт 2013 онтой харьцуулахад 11 дахин буурчээ

Өнөөдөр /2017.06.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын 2017 оны санхүү, төсвийн төлөв байдлын тайлан”-г Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Эдийн, засаг, санхүү, төлөв байдлын тайланд 2013-2017 оны тоо мэдээллийн харьцуулалт болон 2018-2021 оны дунд хугацааны төсөөллийг тусгасан байна. 

Эдийн засгийн өсөлт 2013 онд 11,6 хувьтай байсан бол 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь 2016 онд 1 хувь болж буурчээ.

Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад доорх хүчин зүйлс нөлөөлсөн байна.

  • Эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх дунджаар 47 хувиар буурсан.
  • Гадаад худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1,2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулахад 857 сая ам.доллараар буюу 15 хувиар буурсан.
  • Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1,9 тэрбум доллараар буюу 93 хувиар багассан нь нөлөөлснөөс гадна 2013-2016 онуудад төсөв мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсөж, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодын их хэмжээний зээл авсан нь 2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдэж эдийн засаг хүндрэхэд хүргэсэн байна.