Б.Баттөмөр: Нефть боловсруулах үйлдвэрийг цээжний бангаар ярьж болохгүй
Өнөөдөр /2017.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Зээлийн нэг тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ц.Дашдорж сайдаа нефть боловсруулах үйлдвэрийн төлөө байгаа юм. Би энийг яагаад ярьж байна вэ? гэхлээр Дарханд барина гэж ярьж байсанаа гэнэтхэн хаяад Бор-Өндөрт очиж тооцоо хийгээд евро ойл гэж урьдчилсан нийгэм эдийн үндэслэл гэж байхгүй, техник эдийн засгийн үндэслэл гэж нэг л байгаа.
Монголчууд сүүлийн үед судалгаа тооцоон дээр суурилаж ярьдаггүй, дандаа цээжний бангаар ярьдаг болчихоод байна. Нэг тэрбум долларыг хоёр хуваагаад 264 сая доллараар 643 км дэд бүтэцгүй газар хоолой татна гэсэн тооцоо хийчихсэн явчихаад байгаа юм. Хаанахын ямар аргачлалаар хийгээд байна гэхээр хариулдаггүй.
Тийм учраас сайн тооцож үзэж байх хэрэгтэй шүү. Сайншандад усны хэрэгцээ хангагдана гэж байгаа юм. Яг надад байгаа мэдээллээр бол Сайншандад ийм ус байхгүй. Цахилгааныг нь ч гэсэн өргөтгөх шаардлагатай харин Дарханд бол бүх юм нь байгаа.
Нөгөөтэйгүүр би энэ нефть боловсруулах үйлдвэрийн ажил намаас хамааралтай улстөржсөн ажил болоод байна уу даа гэж харж байна.