УИХ-ын гишүүн О.Содбилэг
2017.06.09

О.Содбилэг: Эдийн засгийн үр ашигтай хоршоодыг дэмжих хэрэгтэй гэсэн санал гаргасан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Содбилэг хуулийн төслийг танилцуулав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд: Эдийн засгийн үр ашигтай хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоодтой хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зарцуулах,

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс зээлийг олон салбарт бус нэг салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьж ажиллах, тэр дундаа мах, сүүний чиглэлийн үйлдвэрлэл, үхэр сүргийг үржүүлэх бодлогоор дотоод зах зээлээ мах, сүүгээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн бааз суурийг сайжруулах, энэ салбарын их, дээд сургууль, хүрээлэн, мал эмнэлгүүдийн боловсон хүчин бэлдэх асуудал болон салбар хоорондын уялдаа холбоог хангах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарах зэрэг саналыг тус тус гаргалаа. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзэв.