Томилолтоос түүсэн чулуу
Тэгэхээр "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Төв аймгийг өглөө эртлэн зорилоо. Үүрийн гэгээтэй уралдан Зуунмод хотын төвд ирэхэд хэдийн иргэд цуглажээ. Тэр ч бүү хэл, дугаарлан тун ч эмх цэгцтэй зогсох нь харагдана. Зүй нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн тус аймагт "Элэг бүтэн Монгол" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, үнэгүй үзлэг оношилгоо хийх сургаар чуулсан нь энэ аж.
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөлтэй монголчууд элэгний хорт хавдрын улмаас амиа алдах болсон. Энэ өвчнөөр жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, эл өвчин аюулын харанга дэлдэж, нийт нас баралтын 15 орчим хувийг эзлэх болсон. Иймээс Засгийн газраас "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд буй.
Өнгөрөгч тавдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн дээрх хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд ямар ажил зохион байгуулж, улмаар тухайн нэгжийн эрүүл мэндийн салбарынхны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ ажлын хэсгийнхэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт саатаж, үнэгүй үзлэг оношилгоо хийлээ.
Зуунмод хотноо Мөнх-Алдарын талбайд болсон энэхүү өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм. Манай улсад хепатитийн вирусын архаг халдвар өндөр байгаа нь Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна.
Тиймээс хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусын халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Бид батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой нягт хамтран ажиллана" гэлээ. Мөн тэрбээр тус аймагт гар хоосон ирсэнгүй. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баян, Архуст, Дэлгэрхаан, Баянхангай Баяндэлгэр, Баян сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин, 57 багийн эмч нарт мотоциклийн түлхүүрийг гардуулж өглөө.
Нийслэлийг зорьсон их хөдөлгөөн эл аймгаар дамжин өнгөрдөг тул гэмт хэргийн гаралт нэлээдгүй өндөр үзүүлэлттэй. Тэр дундаа зам тээврийн осол зонхилох хувь эзэлдэг тухай тус аймгийн эмч нар хэлж байлаа. Тиймээс яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж сумдуудад нэн шаардлагатай байдаг гэдгийг цохон хэлэв.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эзэнгүй мэт хаягдсан энэ салбар харж хандах "аав"-тай боллоо хэмээх талархал ч зарим хүний амнаас цухалзаад амжсан. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Мөнх-Алдарын талбайд хурсан иргэдийн сонирхсон асуултад хариулж, тэдэнд зарим зөвлөгөөг өгсөн.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өвчилсөн хойно нь бус харин урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулах хэрэгтэйг салбарын зүгээс өмнөтгөл болгоод буй. Тиймдээ ч энэ оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлзх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалт. мэдээллийг өгч ажиллав. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Цогтбаатар "Элэгний вирусын халдвараас сэргийлэх нь" сэдэвт лекц уншсан.
Нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр дадал, зуршилдаа анхаарахад болох талаар тун энгийн зөвлөгөө өгсөн юм. Жишээ нь, буцалсан ус тогтмол ууж, архи тамхинаас татгалзаж, замбараагүй эмийн хэрэглээгээ хязгаарлаж, гэнэт их иддэг зуршлаа гээхэд та энэ өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой. Мөн уураглаг хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэж, өтгөн хатахаас сэргийлж чадснаар та гэр бүл, ойр дотныхноо ч аварч чадахыг тэрбээр зөвлөсөн.
Төв аймаг ч энэ зорилтын хүрээнд "Элэг бүтэн Төв аймагчууд" дэд хөтөлбөрийг батлан долоон хоног бүрийн лхагва гарагт "Нараа угтан алхацгаая" уриан дор алхаж хэвшжээ. Эхэндээ аймгийн хэмжээнд алхдаг байсан бол өдгөө өргөжин сум бүрт иргэд нь нэгдэн алхдаг жишиг тогтож байгаа гэнэ. Иймэрхүү амьдралын дадал зуршил ганц элэгний хатуурал, хорт хавдраас гадна олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөсөн юм.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан яамны газар хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд орон нутгийн мэргэжил нэгтнүүдтэйгээ нүүр тулсан ярилцлага хийж, санал бодлоо солилцлоо. Төв аймагт шилэн тариур буцалгаж хэрэглэдэг байсан үе буюу өдгөө 40-65 насны 24654 иргэн амьдарч байгаа аж.
Тиймээс эл аймгийн зорилтот насны иргэдийг С, В вирусын шинжилгээнд нэлээд өргөн хамруулах хэрэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзалтын эхэнд онцолсон. Аймгийн хэмжээнд зам тээврийн осол зонхилох хувийг эзэлдэг тул яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч бэлтгэх асуудал тэргүүн тавигдаж байгааг юу түрүүнд эмч нар хэлж байв.
Мөн сум, орон нутгийн эмч нарыг сургалтад хамруулж, чадавхжуулах, гадаад, дотоодод туршлага судлуулах, боломж нь байвал гадаадад мэргэжилтэн бэлтгэх боломж нөхцөлийн талаар асууж тодруулсан юм. Мөн хот, хөдөөгийн эмч нарыг солилцон ажиллуулах санал ч гарсан. Төрийн нарийн бичгийн дарга ч дээрх хүсэлтийг хүлээн авахаа илэрхийлж, энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж болохыг хэлсэн юм. Мөн нарийн мэргэжлийн эмч нарыг аймаг орон нутагт ажиллуулж, туршлага судлуулах нь зүйтэй гэх өөрийн санаа бодлоо ч хуваалцсан.
Түүнчлэн Төв аймаг нь тарваган тахал болон боом өвчний "А" зэрэглэлийн голомтод байдаг учраас "Зоонод өвчлөл"-ийн төв байгуулж өгөхийг эмч нар хүссэн. Мөн сумын эмнэлгийн барилга шаардлага хангадаггүй, хуучирч муудсан, хэзээ мөдгүй нурах дөхсөн талаарх олон санал гомдлыг тэд яамны удирдлагуудад дуулгасан. Энэ бүхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон салбарын удирдлагууд тодорхой хариулт хэлж, анхаарч ажиллахаа уламжилсан юм.
Түүнчлэн уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай хамт ажиллаж байсан эмч нар ч цөөнгүй байсан төдийгүй салбарынхаа зовлон жаргалыг мэддэг хүнд "үг дайх" урамтай юм гэдгээ илэрхийлж байлаа. Ийнхүү орон нутгийн эрүүл мэндийн салбарын гүн дэх бэрхшээл болоод бүх асуудлаар ярилцсан "халуухан уулзалт" өндөрлөсөн юм.
Энэ зуур гадна талбайд Улсын төв III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, "Гранд мед" эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллагаас галнааймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, мэргэжлийн эмчийн баг хамт олон ирээд үзлэг оношилгоог хийж байлаа. Өглөө нар ургахаас эхэлсэн тэдний ажил нар буутал үргэлжилсэн юм.
Төв аймгийн тухайд ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрөгч оны есдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор"ЭлэгбүтэнТөваймагчууд" дэд хөтөлбөр батлан ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 4851 иргэнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Харин В вирус илрээгүй 318 хүнийг дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусийн эмчилгээнд хамруулжээ. Аймгийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаарч ажилладаг. Аймгийн удирдлагууд 600 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, эрүүл мэндийн салбарт зарцуулж эхэлсэн байна.
Энэ талаар Засаг дарга Ж.Батжаргал "Тархай байршилтай нүүдэлчин иргэдтэй манай аймгийн хувьд, иргэдийн эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Он гарсаар "Нүүдлийн амбулатори" ажиллуулж, нийт 27 сумын 10-т нь хүрч ажиллаад байна" хэмээв. Мөн тэрбээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээ хийх зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгасан. Учир нь хөдөө амьдарч буй эмэгтэйчүүд дунд бэлгийн замын халдварт өвчин нэлээд газар авч буй гэнэ. Гол нь энэ ажилд нэг удаад 100 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан тул дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэлээ. Цаашлаад жилд 1-2 удаа нийт иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллах зорилттой буйгаа ч хэлж байв.
Тэгэхээр "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
Тиймээс 2020 онд С, В вирусийг бүрэн хяналтдаа авсан үлгэр жишээч аймаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга аймгийн удирдлагуудад ерөөгөөд, энэ удаагийн уулзалт өндөрлөв. Хөтөлбөрийг хэрэпкүүлэхад шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах өдөрлөг 21 аймагт зохион байгуулагдах аж. Энд өрнөсөн өдөрлөгийн үйлс бүхэн иргэддээ ивээлээ өгсөн чулуу байлаа.
СЭТГҮҮЛЧ Л.НИНЖСЭМЖИД