Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллоо
2017.06.15

Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц гарцуудыг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.

Энэ ажлын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах, Газар зохион байгуулагч Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн Ш.Цогт нар Баянзүрх дүүргийн 6, 18, 25, 26 дугаар хорооны зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэг Зам чөлөөлөх байршлуудтай газар дээр нь очиж танилцснаар дараах зам, газрыг чөлөөлөхөөр боллоо. Үүнд:  Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах орон сууцны хашааг буулгаж, нэг машин өнгөрөх зайтай байсныг 2 машин чөлөөтэй зөрөх боломжтой болгох юм.

Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтан өргөө” хотхоны зүүн талд байрлах “Андууд-Интернэшнл” ХХК-ийн хашааг буулгаж замыг засч тохижуулах, 18 дугаар хорооны 84-р сургуулийн урд уулзварт байрлах “Юнайтед констракшн” ХХК барилгын хашааг татуулж явган хүн зорчих боломжтой болгох, 18-р хорооны 37 дугаар байрны хойд талд байрлах иргэн Ж.Нямдаваагийн хашааг татуулж явган хүний зам гарган тохижуулах, 6-р хорооны 21 дүгээр сургуулийн зүүн талд, Сэлбийн гүүр орчмыг тохижуулах, 25 дугаар хорооны 90 дүгээр байр буюу Эко марттай байрны авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан хашааг буулгах, тус хорооны 67 дугаар байрны хашааг буулгаж 2 эгнээ зам гарган  хойшоо 13 дугаар хорооллын дунд зам руу нийлдэг болгох, Натур худалдааны төвөөс Замын цагдаа руу явдаг зам буюу Хомланд хотхоны баруун талд байрлах иргэн Э.Болдбаатарын хашааг татаж явган хүний зам гаргах,  26 дугаар хорооны Баянмонгол хорооллын зүүн талд байрлах “Ажиганахунчир” ХХК-ийн хашааг татаж явган хүний зам гаргахаар боллоо.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэд Зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд  нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв