Баянгол дүүрэгт ахмад настны 60 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээх эмчилгээний 60 ор бүхий хүчин чадалтай шинэ эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Д.Батжаргал болон эмч, сувилагч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар уг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна. Энэ үеэр нийслэлийн удирдлагуудын зүгээс ахмад настнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь өнөөдөр нээлтээ хийсэн шинэ эмнэлгээс харагдаж байна хэмээн дүүргийн иргэд ихэд сайшааж байлаа.
Амхад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн энэ онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтыг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.
Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23.387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 50-60 хувийг ахмад настан эзэлдэг аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.