МҮЭ-ийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудлуудаар харилцан санал солилцлоо
2017.06.23

МҮЭ-ийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудлуудаар харилцан санал солилцлоо

“МҮЭ-ийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр боллоо.

Тус хуралд МҮЭ-ийн холбооны удирдлага, гишүүн байгууллага, Японы Олон Улсын Хөдөлмөрийн сан \JILAF\, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Солонгосын Хөдөлмөрийн сан \KOILAF\-гийн төлөөлөл оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “ҮЭ-ийн байгууллага бол хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага. Монголын хөдөлмөрчин олон түмэн хөдөлмөрлөх эрхээ хамгаалж эхэлснээс хойш 100 жилийн босгыг давж байна. Түүхийн бүхий л цаг үед ҮЭ-ийн байгууллага хөдөлмөрчдийн эрх ашгийг тэргүүнд тавьж ирсэн билээ. Хуралд оролцогч талууд харилцан туршлага солилцсон үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хурлын үндсэн илтгэлийг МҮЭ ийн холбооны ЕНБД Г.Адъяа тавьлаа. Тэрээр ҮЭ-ийн байгууллагын түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргээд МҮЭХ-ны өмнө тулгамдаж буй асуудлын талаар илтгэлдээ онцолсон юм. Тухайлбал татвар төлж буй нийт иргэдийн 40 хувь нь ҮЭ-ийн гишүүнчлэлтэй байгаа нь азидаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Хэдийгээр 1990 оноос ҮЭ-ийн гишүүдийн тоо буурсан хэдий ч 2000 оны дунд үеэс гишүүдийн тоо нэмэгдсэн.

Монгол Улсад өнөөдөр хөлсний хөдөлмөр эрхэлж байгаа 226 мянган ҮЭ-ийн гишүүн бий гэсэн судалгаа байна. МҮЭ-ийн холбооны хувьд хэрэгжүүлэх зорилтоо ойрын, дунд, урт хугацаанд төлөвлөн ажиллах шаардлага тулгарч байна.

Ингэхдээ ҮЭ-ийн эрхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүнчлэн аж үйлдвэрийн салбар хумигдаж байгаа энэ үед нийт аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг эзэлж байгаа жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллагсдыг ҮЭ-ийн гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэдгийг тэрээр энэ үеэр онцолж байсан юм. 

Тус эрдэм шинжилгээний бага хуралд оролцож буй ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хелевиш “ҮЭ-ийн байгууллага үйл ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй явуулахын тулд бусад орны ҮЭ-ийн байгууллагад мэдээллээ түгээж харилцан туршлага солилцох явдал чухал. Энэхүү мэдээлэлд тулгуурлан олон улсад хамтарсан нэг стратеги, зорилт гаргаж чадвал маш их үр дүнд хүрэх боломжтой. Ингэж чадсанаар хөдөлмөрчин хүмүүсийн эрх ашгийг илүү хамгаалж чадна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. 

Японы ҮЭ-ийн байгууллагын туршлагаас Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн төсөл хөтөлбөр хариуцсан захирал Наохиро Цүки хуваалцсан юм. Тэрээр Японы ҮЭ-ийн байгууллагын олон жилийн туршлагын үндсэн дээр бий болсон “Эрүүл саруул хөдөлмөрийн харилцаа” гэсэн зарчмыг Монгол Улсад хэрэгжүүлж ажиллахад МҮЭ-ийн холбоо бидэндтэй хамтран ажиллаж байгаа. Манай зүгээс МҮЭХ-той хамтран ажиллахдаа Япон улсын төсвөөс санхүүжилт авсан. Ямартай ч Япон Улсын иргэдийн татварын мөнгийг бид үр дүнтэй зүйлд зарцуулна гэж бодож байна гэсэн юм. 

Энэ арга хэмжээнд Солонгосын хөдөлмөрийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жон Шиг мөн илтгэл тавьж оролцсон. Монгол Улсын олон мянган иргэд тус улсад албан болон албан бус хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээр монгол хүмүүст өөрийн улсын соёлоос суралцах, ажил хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудлаар тогтмол сургалт зохион байгуулдаг талаараа энэ үеэр танилцууллаа. Энэ ажил нь үр дүнтэй байгаа гэдгээ ч дуулгасан юм.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд илтгэл тавьж оролцсон. Тухайлбал МҮҮЭХ-ны дарга Б.Батчулуун “Мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-үүд, тулгарч буй бэрхшээл сорилт, шийдвэрлэх арга зам”, МЭМАҮЭХ-ын дарга Б.Мягмар “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлууд”, Хөвсгөл аймгийн АҮЭХ-ны дарга Ц.Ганболд “Нутаг дэвсгэрийн ҮЭ-үүдийн тулгамдсан сорилтууд, шийдвэрлэх зарим асуудал” зэрэг болон бусад илтгэлүүд тавьсан. 
МҮЭ-ийн холбооноос маргааш буюу зургаадугаар сарын 21-ны өдөр Японы Олон Улсын Хөдөлмөрийн сантай хамтарч “Даяаршил-Үр дүнтэй хөдөлмөрийн харилцаан дах ҮЭ-ийн үүрэг“ үндэсний бага хурлыг зохион байгуулах юм.