С.Мөнхчулуун: Гарын үсэг цуглуулаад байгаа нь эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харж байна
НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун
2017.08.22

С.Мөнхчулуун: Гарын үсэг цуглуулаад байгаа нь эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харж байна

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИТХ дахь МАН-ын бүлгийн цөөнгүй гишүүд даргыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж, Иргэдийн хуралд хүргүүлчихээд байгаа. Дээрээс нь АН-ын бүлгийн гишүүд ч нэмэгдэж байгаа юм билээ. Тэгэхээр НИТХ-ын дарга огцрох магадлалтай болсон гэж хэлж болох уу?

-НИТХ дахь МАН-ын 16 гишүүн Иргэдийн хурлын даргыг огцруулах тухай хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулсан. Улмаар Иргэдийн хуралд хүргүүлчихээд байна. Мөн өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгээс энэ санаачилгыг дэмжиж байна хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн.

Уг нь өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн нээлтээс авахуулаад олон ажил хаяанд ирчихлээ. Улс оронд хийх ажил их байхад хажуугаар улс төр хийгээд байгаад харамсалтай л байна.  НИТХ дахь МАН-ын бүлэг нийтдээ 34 төлөөлөгчтэй.

Түүний 16 нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Энэ нь олонхи болохгүй гэсэн үг. АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэмэгдээд гарын үсэг зурж байгаа юм билээ. Нийлээд 27 төлөөлөгч болсон. Тэгсэн ч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны хүрээнд Иргэдийн хурлын ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Дээрээс нь гарын үсгээ зураагүй МАН-ын төлөөлөгчид 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалж байна гэсэн мэдээллийг хэвлэлээр болон сошиалаар тарааж байна. Тийм юм байхгүй.

МАН-ын бүлэг гэдэг бол өөрөө намын дүрэмд байдаг нэг бүтэц. Бид Нийслэлийн МАН-ыг төлөөлж энд сууж байгаа. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Нөгөө талаар өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Намын Удирдах зөвлөл хуралдаад, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй гэж шийдвэр гаргасан.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хариуцлагын асуудлыг МАН-ын Их хурлаар ярина. Их хурал есдүгээр сард хуралдана. Ердөө л 20 орчим хоногийн дараа хурал болох гэж байхад наана нь улстөржиж, намыг хагалан бутаргаж, төр захиргааны ажлыг цалгардуулах, тогтворгүй байдал үүсгэх хэрэггүй байгаа юм. 27 төлөөлөгч гарын үсэг зурсан, Иргэдийн хурлын даргыг огцруулна гэж АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн.

Тэглээ гээд Иргэдийн хурлыг даргыг огцруулж болохгүй гэдгийг би хэлэх гэж дахин сануулаад байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол орон нутгийн байгууллагуудын мөрдөх ёстой Үндсэн хууль л гэсэн үг. Бид энэ хуулийг л барьж ажилладаг. Энэ хуулинд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг цуглуулаад огцруулна гэсэн заалт байхгүй.

НИТХ-ын гишүүдийн 30 нь буюу гуравны хоёроос дээш төлөөлөгч гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна гэсэн заалт бий. Мөн нийт төлөөлөгчдийн  гуравны хоёроос дээш гишүүн санал гаргавал хурал тарна гэсэн заалт байгаа. Төлөөлөгч нар гарын үсэг цуглуулаад, Иргэдийн хурлын даргыг огцруулах боломжгүй гэдгийг тэд бүгдээрээ мэднэ. Тэгсэн мөртлөө улс төрийн зорилготой үйлдлүүдийг хийж байгаа нь харамсалтай байна.

Өнөөдөр бид улс төр хийх гэж энд ажиллаагүй. Нийслэлийн сая гаруй иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх л гэж ажиллаж байгаа. Аль аль намын бүлэг нь тийм зорилготой ажиллаж байгаа гэж би боддог. Одоо улстөржилтөө зогсоож, өвлийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн нээлт гээд ажлууддаа анхаарлаа хандуулмаар байна. Дээрээс нь би бүлгийн даргын хувьд төлөөлөгчиддөө хандаж хэлье. Нэгэнт бид намын дүрэмтэй. Дүрэм бол намын гишүүддээ Үндсэн хууль мэт байх ёстой. Намын нэрээр өрсөлдсөн, сонгогдсон, албан тушаалд томилогдсон. Тийм болохоор намын дүрмийнхээ хүрээнд ажиллаач гэж хэлье. Бага хурал, Их хурал ирэх сард болно. Түүнээс өмнө улстөржөөд яах юм бэ л гэж хүсмээр байна.

-Хуулийн дагуу огцруулах боломжгүй юм байна. Гэхдээ ёс зүйн хүрээнд огцруулах, огцрох асуудал байж болно биз дээ. Иргэд бол шударга ёсыг л шаардаад байгаа шүү дээ?

-Хуульд Иргэдийн хурлын даргыг огцруулах заалт байхгүй гэдгийг түрүүнд хэлсэн. Харин хууль зөрчсөн гэдэг нь шүүхээр тогтоогдох юм бол хариуцлагын асуудлыг нам дотроо ярьж болно. Ер нь бол өнөөдрийг хүртэлх хугацаанд Иргэдийн хурлын даргыг огцруулж байсан түүх байхгүй. Яагаад гэвэл хуульд тийм заалт байдаггүй учраас.

Зөвхөн Иргэдийн хурлын дарга хүсэлтээрээ огцорч болно. Энэ намын дүрэм журмын хүрээнд шийдэгдэх асуудал. Түүнээс биш 30 төлөөлөгч гарын үсэг зурлаа ч энэ асуудал шийдэгдэхгүй. 27 төлөөлөгч гарын үсэг зураад өгчихлөө гээд ээлжит хурал ч хуралдахгүй. Ээлжит хурлыг хийх эсэхээр тэргүүлэгчид хуралдах ёстой. Тэргүүлэгчид хуралдсаны дараа ээлжит хурлыг хуралдуулах эсэх шийдвэрээ гаргадаг. Гэх мэт шат дараатай, дүрэм журамтай юм.

-МАН одоогийн байдлаар хоёр хуваагдчихаад байна. Их хуралдаа ч, нийслэлдээ ч тэр. Нэг хэсэг нь намын нэр хүнд уналаа, шинэчлэх цаг болсон хэмээн ярьж, зарим хүмүүст хариуцлага тооцъё гээд байгаа. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байна?

-Өнгөрсөн хоёр жилд улс төрийн хэд хэдэн сонгууль боллоо. Үүнтэй холбоотойгоор, улс төрийн зорилготой янз бүрийн асуудал гаргаж ирж байж ч болох. Тэр яригдаад байгаа зүйлс баттай үнэн үү гэдэг нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй байхад бид тал талд янз бүрээр ярих боломжгүй. Бид ийм байр суурьтай л байгаа. Түүнээс биш намын нэр хүнд уналаа, сэргээх хэрэгтэй гэдэг нь одоо яригдаад байгаа зүйлсээс болов уу.

Эсвэл зохион байгуулалттайгаар, манай намын нэр хүндийг унагаахаар оролдож байна уу гэдэг нь бас сонин байна. Өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс гарын үсэг цуглуулаад явж байгаа нь намын эв нэгдлийг бутаргах. Цаашлаад тодорхой эрх мэдэлд хүрэх гэсэн тэмцэл гэж харагдаж  байгаа. Энэ хүмүүсийн үйлдлээс үүдээд намд шинэчлэл хэрэгтэй юм байна гэдэг нь ч харагдаж байна. Гэхдээ намын шинэчлэл гэдэг нэг, хоёр хүнийг сольсноор болчихдог зүйл биш. Системийн шинэчлэл хэрэгтэй байгаа юм.

-Иргэдийн хурлын даргыг огцруулахаар МАН-ын бүлгийн 16 гишүүн гарын үсэг зурчихлаа. Цаашид энэ хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдах болов уу?

-Намын үндсэн дүрэмд заасан байдаг. Гишүүд намын эв нэгдлийг хамгаалах, намын  нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх. Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан хуулийг чандлан сахих, аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх ёстой гэж заасан байгаа. Эдгээрийг зөрчих юм бол намаас дэмжлэг үзүүлэхгүй гэж дүрэмд бий. Дүрмийн хүрээнд бид асуудлаа ярьж таарна.

Намын Их хурал, Бага хурлаараа бид асуудлаа яриад, ардчиллын зарчмаар олонхиороо шийдээд явдаг. Гэтэл зарим хүмүүс “сэм хуйвалдана” гэдэг шиг далдуур гар хөлийн үсэг цуглуулаад яваад байгаа нь буруу. Яагаад бид бүлгийн хурал дээрээ нээлттэй ярилцаад, гараа өргөөд, олонхиороо асуудлаа шийдэж болохгүй байгаа юм. Удахгүй намын Бага хурал болох гэж байна. Намын тэргүүлэгчид хуралдана. Их хурал ч хуралдана.

Тэнд асуудлаа ярилцаад, олонхиороо шийдээд л явах ёстой. Тийм байтал наана нь ингэж сэм хуйвалдаж, гарын үсэг цуглуулж байгаа нь байж болохгүй асуудал. Аль аль шатандаа. Одоо Засгийн газрыг огцруулна гээд л гарын үсэг цуглуулаад байна л гэнэ. Ийм байж болохгүй ээ. Тэр битгий хэл зарим төлөөлөгчийг хүчээр гарын үсэг зуруулахаар хоолой амыг нь боосон гэсэн яриа гарсан. Энэ бол байж болохгүй асуудал.

-Танай намын зарим төлөөлөгч хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид хуйвалдсан, сэмхэн гарын үсэг цуглуулсан юм байхгүй. Огцруулах бичиг өргөн барихаа эртнээс мэдэгдэж, гарын үсэг зурж эхэлсэн” хэмээн ярьсан байсан.  Түүнээс гадна ойрын үед намын бүлэг хуралдах боломж байгаа юу?

-Энэ долоо хоногтоо нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах байх. Тэндээс нэг шийдвэр гаргана. Тэргүүлэгчид Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд, түүнийхээ дагуу  нийслэлийн Иргэдийн хурал болоод нам дотор өрнөж байгаа асуудалд чиглэл өгнө. Түүний дараа бүлэг хуралдана. Сэм хуйвалдсан гэж би яагаад хэлснээ одоо тайлбарлая. Жишээ нь, би Иргэдийн хурал дахь МАН-ын Бүлгийн дарга. Гэтэл гарын үсэг цуглуулаад байгаа бичгийг өнгөрсөн баасан гарагт өргөн барихад нь л харсан. Надаас асуугаад, гарын үсэг зурах уу гэж хэн ч хэлээгүй.

Зарим төлөөлөгчдөөс сонсоход, намын Иргэдийн хурлыг хуралдуулъя гэсэн бичиг байсан. Гэтэл өргөн барьсны дараа Хурлын даргаа огцруулъя болчихсон байна гэж хэлсэн. Зарим нь хүчээр шахаж зуруулсан гэдэг ч асуудал яригдаж буй. Энэ бол байж болохгүй асуудал. Намыг хагалан бутаргах, Их хурал, Бага хурлаас өмнө хүчгүйдүүлэх гэсэн оролдлого. Бараг сөрөг хүчнээс “шидсэн чулуу” юм болов уу гэж харж байна.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гээд нэр бүхий хүмүүс “60 тэрбумын бичлэг бол үнэн. Эвлүүлэг гэж итгэж байсандаа харамсаж байна” гэх мэтээр ярьсан нь асуудлыг улам дэвэргэчихлээ?

-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Нүд үнэнч, чих худал гэдэг үг ч бас бий. Одоо гараад байгаа зүйлүүдэд итгэхэд хэцүү болчихсон. Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгэн хүнийг гэм буруутайд тооцохгүй гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Ц.Нямдорж гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс хэн нэгний үгээр явж, яригдаж байгаа асуудлууд үнэн юм байна гэж мэдэгдэж буйг би буруу гэж үзэж байна. Хамгийн наад захын жишээ ярья. Сарнай гээд эмэгтэй байгаа шүү дээ. Олон хүүхдийг асардаг.

Тэр хүн миний л мэдэхийн энэ оны зургаа, долдугаар сарыг хүртэл баатрын дайтай нэр хүндтэй байлаа. Гэтэл наймдугаар сард өнөөх эмэгтэйг чинь луйварчин энэ тэр гээд сошиалаар дүүрэн муу муухайг нь дуудаж байсан. Харин одоо эргээд сайн хүн гэгдээд л явж байна. Үүнтэй адил юу ч баталгаажаагүй байхад хүний нэр хүндэд халдаж, цаана нь гарах үр дагаварыг нь харалгүйгээр хийсвэр хөнгөн хандах нь буруу. Ийм мэдэгдлүүд хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна.

-Энэ бүх асуудал намын Бага хурал, Их хурлаар нэг мөр шийдэгдэнэ л гэж харж байна уу?

-Бид наана нь мянга яриад энэ асуудлыг шийдэх боломжгүй. Тийм болохоор хэтэрхий улстөржүүлж, ажил цалгардуулах хэрэггүй. Асуудлыг бид намын Бага хурал, Их хурлаараа шийднэ. Нийслэлийн намын тэргүүлэгчид хуралдана. Намын хороо бас хуралдах байх. Тэгж байж л асуудлаа шийднэ.  Иргэдийн хурлын төлөөлөгчид асуудлыг шийдэх боломжгүй.

Тийм байхад гарын үсэг зураагүй хэдийгээ “60 тэрбумын хамгаалагчид” гэж цоллож ч байх шиг. Энэ бол шахалтад оруулж байгаагийн нэг хэлбэр. Би өнгөрсөн дөрвөн жилд төрийн албанд ажилласан. Иргэдийн хуралд нэр дэвшихдээ албан тушаал наймцаалдаг, авлига өгдөг, авдаг, бусдыг хууль бусаар халдаг байдалтай тэмцэнэ  гэж зорьсон. Тийм учраас энэ асуудлууд үнэн байгаад, албан тушаалд томилогдохдоо мөнгө төгрөг өгч, авалцсан байвал үүний эсрэг би тэмцэнэ.

Харин батлагдаагүй, эцэслэн нотлогдоогүй байхад бусдын нэр хүндэд халдаж болохгүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өөрөө АТГ-ын удирдлагуудыг дуудаад, олон нийтийн өмнө үүрэг өгсөн. Тэр хүмүүс нь ажлаа хийг. Бид ч өөрсдийнхөө ажлыг хийе. Энд мянга улстөржөөд байх хэрэггүй. Харин хуулийн байгууллага нь асуудлыг хурдан шийдээд өгөх хэрэгтэй байна. Түүний дараа нам хуулийн байна уу, ёс зүйн байна уу асуудлаа ярилцана.