Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд дарга Б.Баатар ах хоёрын утасны яриаг гаргаж тавь
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.08.24

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд дарга Б.Баатар ах хоёрын утасны яриаг гаргаж тавь

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй сэтгүүлчид уулзаж, цаг үеийн асуудалд хариулт авчээ.

- Хэдхэн хоногийн өмнө Шадар сайд У.Хүрэлсэхийн “Херо”-гийн Баатартай хийсэн утасны яриа ил болсон. Энэ талаар тайбар өгөөч. Тус ярианд Оюук гэдэг нэр нэлээд хэд дурдагдсан шүү дээ. 

-Би гар утас тагнаж, чагнадаг хүн биш шүү дээ. 

- Таны нэр хэд хэдэн удаа дурдагдсан болохоор таны байр суурийг сонсох гэсэн юм?

- Хоёр хүн утсаар яриа л биз. Сонгуулийн дараа ярьсан гэж байна билээ. Үүнийг намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэг утасны ярианаас болж ялагдал хүлээлээ гэж сүбьективээр дүгнэж болохгүй. Баатар бол манай ах. Ах бид хоёр хожим танилцсан ах дүүс. Намайг танилцахад л Ерөнхийлөгч Баттулга, ах хоёр ойрын холбоотой байсан.

У.Хүрэлсүх дарга “100 эрхэм” нэвтрүүлэгт нь орсон, тэд бас найзууд байсан. Тэгж ярьвал сонгуулийн өмнөхөн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт орох гэж хамгийн их холбогдсон хүн нь М.Энхболд дарга өөрөө шүү дээ. Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар ах хоёрын утасны яриа гаргаж тавь л даа.  

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан юм уу? 

-Ерөнхийлөгчийн сонгуулиар үеэр МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүйг би хариуцлагатайгаар мэдэгдье. Генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө, цаг гаргаж ажилласан сонгуулийг би мэдэхгүй байна. Сүүлийн 10 жил улстөрийн амьдралд идэвхтэй оролцож байна.

Бүх чадлаараа хичээсэн. Ц.Нямдорж гуай, Аюурсайхан, Нямбаатар гишүүн гээд бид тэргүүн эгнээнд орж ажилласан. Сонгуулийн үеэр бүлх залгичихсан мэт чимээгүй байсан хүмүүс, одоо юм яриад хэрэггүй ээ. Тухайн үедээ өрсөлдөгч намын нэр дэвшигчийн эсрэг ярихгүй яасан юм. Огт байхгүй байсан хүмүүс одоо ингэх байсан гэж олон юм ярьж байна.   

-Таны бодлоор Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН ялагдсан шалтгаан юу вэ?  

-УИХ-ын даргаар ажиллах шийдвэрийг М.Энхболд дарга өөрөө гаргасан. Санаж байгаа бол би М.Энхболд даргыг УИХ-ын даргаар ажиллахын эсрэг саналыг ганцаараа өгсөн. УИХ-д 65 суудалтай том намыг дэмжсэн ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж ажиллаад, хариулах ёстой байсан.

Ингэж эдийн засгийн хүндрэлийг давж, ард иргэдийн амьжиргааг өөд нь татах ёстой байсан. Гэтэл хаваржаандаа буугаагүй байж, намаржаандаа буух тухай өөрөө л бодсон. Ерөнхийлөгч рүү тэмүүлсэн. Үүнээс болж томилгоон дээр алдаа гарсан. УИХ дахь бүлгийн гишүүдийн санал хураахгүйгээр өнөөгийн Засгийн газрын гишүүдийг томилсон. Энэ нь УИХ-ын бүлэг дотор Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэс болсон. Улмаар бүлгийн гишүүдийн саналын эсрэг Засгийн газар маш олон эргэж буцсан шийдвэр гаргасан.

- Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүний нэг нь та?

- Судалгаанаас нийт иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн байсан. УИХ бол ард түмнээси сонгогдож орж ирсэн бага ард түмэн байдаг. Гэтэл ард түмэн нь өөрсдөө ийн дүнгээ тавьчихсан байхад бид энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 ард түмэн манай намд ямар дүн тавих вэ гэдгээ маш тодорхой харуулчихлаа шүү дээ. УИХ-д 65 суудалтай нам маш том зангарагтай, хүчтэй Засгийн газартай байх байсан. Харамсалтай нь чадсангүй.