Д.Оюунхорол:  Улстөрд хатуурхах гэдэг ойлголтоос хол явахыг хүсдэг
2012.09.14

Д.Оюунхорол: Улстөрд хатуурхах гэдэг ойлголтоос хол явахыг хүсдэг

2012 оны есдүгээр сарын 10-ны өдөр “Шонхор” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Зарим хэвлэл мэдээл­лээр “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 100 саяыг завшиж, 400 сая төгрөгөөр намынхныгаа ивээн тэтгэжээ” гэх мэдээлэл гарсан даруйд хэвлэлийн хурал зарлалаа. Яагаад?
-Өглөө ажилдаа ирээд  шинэ  сонин хэвлэл  унших, интернэт сайтуудаас мэдээлэл авахаас ажлаа эхэлдэг. Интернэт үзтэл энэ мэдээлэл гарчихсан байсан. Өмнө нь бас нэг сайтад иймэрхүү мэдээлэл гарчихсан байхаар нь ийм юм байхгүй гэдэг тайлбарыг хийж байсан. Гэтэл өнгөрсөн даваа гарагт миний талаар  өдөр тутмын  сонин, сайтаар гүтгэлгийн шинж  чанартай, нэр төрд халдсан, буруу ташаа мэдээлэл гарчихсан байхаар нь ер нь  зөв бодитой мэдээллийг өгөх ёстой  гэж бодоод хэвлэлийн хурал зарласан.
Оюун санааны дайралт гүтгэлэг хийвэл  ойлгож болно. Энэ  нь арай өөр гүтгэлэг юм. Цензургүй яриа гэдэг шиг би ч бас нээлттэй ярилцъя.  Ямар нэг хийгээгүй хэргийнхээ төлөө хэн нэгэнд гүтгүүлэх нь тийм ч сайхан зүйл биш. Тэр тусмаа Завхан аймгийн иргэд надад итгэж, төрд илгээдэг болохоор тэднийхээ итгэлийг алдаж, ямар нэг хариуцлагагүй зүйл хийе гэж боддоггүй. Завхан аймгийн ард иргэдээс ажлын байр бий болгож бидэнд тусалж  дэмжээч гэсэн  санал байнга ирдэг юм.
Тиймээс 500 сая төгрөгийг өрх толгойлсон эмэгтэйчүүд, жижиг, дунд үйлдвэр эрхэлж  байгаа иргэдийн төслийг  санхүүжүүлэхээр 2012 оны  Төсвийн  тухай хуулиар ХХААХҮЯ-ны багцад тусгуулсан. ХХААХҮЯ-нд нэгдүгээр сарын 19-нд албан бичиг явуулж, төслийн сонгон шалгаруулалтыг хийж, сонгуулиас өмнө  шийдвэрлэж өгөөч гэж хүссэн. Тухайн үед иргэдээс янз бүрийн төслүүд ирж  байсан.
Ер нь хүмүүс үе дамжсан ядуу байя, зүгээр сууя гэж бодохоо больчихсон шүү дээ. Ийм үзэл баримтлалтай хүмүүсийн амьдралыг дэмжье гэж бодож,  ажлын байрыг  бий  болгох иргэдийн төслийг дэмжье гээд ХХААХҮЯ-тай хамтран ажил­лаж, 108 иргэн аж ахуйн нэгжийн төслийг  хууль журмынх нь дагуу санхүүжүүлсэн.
-Яг хэдэн төгрөгийн сан­хүүжилт хийсэн юм бэ?
-ХХААХҮЯ-наас төс­лүүдийн 80 хувь  буюу 400 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Харин үлдсэн 20 хувь буюу 100 сая төгрөг нь төслүүдийн  хэрэгжилт, гүйцэтгэлийн чанар, үр дүнг харгалзан олгогдох ёстой. Миний хувьд тэр мөнгөнд ямар ч гар хүрэх боломжгүй. Үлдэгдэл мөнгө  Сангийн яамны төрийн сангийн дансанд буюу ХХААХҮЯ-ны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд байгаа. Ийм ойлгомжтой  зүйлээр зохион байгуулалттайгаар миний  нэр төрд халдсан гүт­гэлэг  тараагаад байгаа учраас би  няцаалт хийсэн юм. Хорхой  шавьж  хүртэл биедээ хүрэхээр атирдаг биз дээ. 
-Таныг улстөрд хат суусан эмэгтэй хүн гэж ойлгодог. Эмэгтэй гишүүд дотроо хатуу ширүүн дун­дуур туулж гарсан пар­ламентч гэж боддог. Гэтэл та ганцхан мэдээний төлөө ямар хурдан хэвлэлийн бага хурал зарлав аа. Үүнд нэлээд гайхлаа. Сэтгүүлчийнхээ хувьд таныг ийм түргэн шийдвэр гаргахаар нь но байгаа юм биш биз гэж хардсан шүү?
-Энэ асуудал намайг  сонгуульд нэр дэвшиж явах үед эхэлсэн юм.  Одоо бараг таван сар гаруй хугацаа болж  байх  шиг байна. Миний нэрийг татуулах хэмжээнд хүртэл яригдаж байсан.  Мэдээлэлд маш хүлээцтэй хандсан. Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн цаана сонгуульд оролцож байсан учир асуудлыг  шүүрч аваад тэр даруйд нь тайлбар хийх боломж­гүй байсан. Хууль хяналтын байгууллага шалгаад үнэхээр асуудал шийдэгдсэний дараа энэ асуудлыг ярья гэж бодсон.
Тухайн үед аймгийн цагдаа, прокурорын байгуул­лагаар шалгуулсан.  Яамнаас зар­лагдсан  төслийн  сонгон  шалгаруулалтад хамрагдсан  иргэд, аж ахуйн нэгжид 400 сая төгрөг нь очсон юм байна гэдгийг тогтоосон. Харин 100 сая төгрөг нь Төрийн сангийн  дансанд байгаа нь тогтоогдсон.  Нэгэнт шүүх, прокурор ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэнэ дүгнэлт гаргачихсан байхад гүтгэлэг тараагаад  байгаад л хамаг учир байгаа  биз дээ.
Хамгийн чухал нь  ард түмэнд буруу ташаа мэдээллийг  зохион байгуу­лалттай хүргэхийг оролдсон цаад хүмүүст нь зориулж, хэвлэлийнхэн болон  олон нийтэд  хүргэхээр хэвлэлийн бага хурал хийсэн.
-Та өөрөө энэ асуудлыг хууль хяналтынхнаар шал­гуулсан юм уу?
-Үгүй. Надтай сонгуульд өрсөл­дөж байсан нэр дэв­шигчид хуулийн бай­гуул­лагад энэ асуудлыг өгсөн юм билээ.
-Магадгүй нэг намаас хамт сонгуульд өрсөлдсөн Д.Балдан-Очир гишүүнийг энэ асуудлыг шалгуулсан байх гэж хардаж болох уу. Та хоёр сонгуулийн үеэр нэг уулзалт дээр маргалдсан тухай дүрс бичлэг цацагдсан. Тэгэхээр Д.Балдан-Очир гишүүн өргөдөл өгсөн байх магадлалтай юм биш үү. Та хоёр ер нь юунаас болж маргалдсан юм бэ?
-Төр түшилцэх нэр хүндтэй  их үйлсэд зүтгэхийн тулд гурван удаа сонгуульд оролцож, олон хүнтэй хуулийн хүрээнд ёс зүйтэй шударгаар  өрсөлдөж, ялан дийлнэ гэхээсээ илүүтэй хийж бүтээх ажлаа ард түмэндээ танилцуулж  явсан.  Улстөрд янз бүрийн арга хэлбэрээр өрсөлддөг хүмүүс байдаг юм байна.
Хувь хүнийхээ хувьд  аливаа асуудлыг ил тод, нээлттэй ярилцаж, ойлгол­цохыг эрхэмлэдэг. Бид хоёр сумын иргэдтэй уулзалт хийж байтал  Д.Балдан-Очир гишүүн уулзалтын өнгийг өөрч­лөхийг оролдож,  хурлын зааланд миний нэр төрд халдсан гүтгэлгийг тарааж, зохион байгуулалтайгаар хурлын зааланд  үймүүлсэн юм.  Ард иргэдийнхээ өмнө улстөрд шударга өрсөлдье гэдэг  санал тавьж, бодитой зөв мэдээллийг иргэддээ  өгсөн. Мэдээж, улстөрд болж буй ширүүн өрсөлдөөн дунд эмэгтэй хүнд хандаж буй хандлага нь хувь улстөрчийнхөө хувьд хэтэрхий инээдтэй санагдсан. Түүнээс өөр юм болоогүй.

-Та 2000-2004 онд намынхаа шинэчлэлийн төлөө дуугарч, Завхан аймагт бие дааж нэр дэв­шиж байсан. Тухайн үед таныг хэвлэл мэдээллээр нэлээд доромжилсон шүү дээ?

-Тухайн үед би хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэр үеийн улстөрийн байдлыг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн салхи эргэн ирж байгаа юм байна гэж харж байсан. Өнгөрсөн 2004 оны үйл явдлыг ярихыг хүсэхгүй байна. Тухайн үед Завхан аймгийн ард иргэдийн төлөө хийж бүтээе гэснийхээ төлөө зарим нэг зүйлд хэлмэгдсэн  нь үнэн.
Нутгийн ард түмэн маань зөвөөр ойлгон харж, намайг дэмжиж  байсан. Монголын ард түмэн ухаантай болохоор асуудалд хэн яаж хандаж байгааг дэнсэлж чаддаг юм.

-Таны хэвлэлд өгсөн нэлээд хэдэн ярилцлагыг уншихад  2004 оныг ерөөсөө яриагүй тойрч гарсан байдаг. 2000-2004 онд МАХН-ын дарга Н.Энхбаярын дарангуйллын он жилүүд эхэлж байсан. Н.Энхбаярын энэ дарангуйллыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас та намаасаа хөөгдөж байсан. Үүнийг ярих тийм хэцүү гэж үү?

-Хэцүү биш. Тухайн үед хангалттай ярьсан. Хангалттай ганцаардаж ч байсан. Тиймээс  2004 онд бие дааж нэр дэвших шийдвэрийг өөрөө гаргасан. Тэр бол миний  хувьд хамгийн том улстөрийн шийдвэр, эр зориг байсан. Үнэний  төлөө эцсээ хүртэл яваад үзье гэж бодож  байсан.  Тэр үед тэмцээгүй  бол  хүмүүс “Д.Оюунхорол ямар нэгэн тохироонд орчихож дээ” гэж хэлэх байсан байх гэж боддог.
Тухайн үед миний зарим нэг найз нөхөд, улстөрд хамтран зүтгэгчид урваж, шарваж байсныг харахад  хүнд  санагдаж байсан.  Гэхдээ л тухайн хүний хувьд  даргатайгаа  ойр дотно байж,  ажил амьдралаа авч  явах арга  зам нь ч  зөв байсан  байх гэж ойлгодог. Зарим найз нөхөд алга эргүүлэх төдийд урвадаг юм билээ. Энэ л  маш хүнд санагдаж байсан. Яг үнэндээ намайг намаас хөөгөөгүй. Тэр үед МАХН-ын дүрмэнд бие дааж нэр дэвшвэл намаасаа хөөнө гэсэн дүрмийн ямар ч заалт байгаагүй.
Сонгуульд өрсөлдөөд явж байхад Засгийн газрын олон гишүүд очиж, миний эсрэг ажиллаж байсан. Ганц эмэгтэйг унагах гэж тэгж их хүч тавьж байгааг харсан ард түмэн дургүйцэж, хурлынхаа заалнаас хүртэл дарга нарыг хөөж гаргаж байсныг хожим нь нутгийнхан маань сэтгэл эмзэглэн ярьцгаадаг байсан.

-Тухайн үед танаас урваж байсан найз нөхдөөс чинь буцаж ирсэн үү?

-Ирэлгүй яах вэ, амьдрал баян шүү дээ.

-Та тэгээд уучилсан  уу?

-Уучлалгүй яах вэ. Ер нь улстөрд мөнхийн дайсан гэж байдаггүй гэж боддог. Хүнийхээ хувьд би тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг  ойлгодог учраас найз нөхдөө уучилсан. Улстөрд хатуурхах гэдэг ойлголтоос  би хол явахыг хүсдэг. Учир нь удаан хугацаанд улстөр хийгээд ирэхээр  хатуурхах биш ойлголцох, зөвшилцөх,  бусдыг сонсох  чадварт суралцдаг гэж боддог.

-Танай нам 2000 оноос хойш энэ удаа анхны ялагдлаа хүлээлээ. Гэтэл өнөөд­рийг хүртэл бүлэггүй байгаа. Ялагдлын гол шалт­гаан юу байсан гэж бодож байна вэ?

-2000-2004 онд манай намынхны асуудалд хан­даж буй мэдрэмж сул байлаа. Сэтгүүлчид үүнийг их л бичиж  байр сууриа  илэрхийлж байсан. Үүний цаана ямар асуудал байна вэ, энэ сэтгүүлч юу хэлээд байна вэ гэдгийг харж чадаагүйгээс 72 суудалтай байсан МАХН-аа  2004 онд 38 суудалтай болгож, 50 хувийн ялагдал хүлээсэн. Тухайн үедээ  энэ бол асар том ялагдал байсан.

Энэ ялагдалдаа дүгнэлт хийж, тухайн үед намын удирдлагуудтайгаа ямар ч хариуцлага тооцоогүй. Бараг албан  тушаалд  дэвшүүлэн  тавьж байсан нь асуудалд хэтэрхий  мэдрэмжгүй  хандаж байсны  илрэл юм уу даа гэж боддог.  Ямартаа л тухайн үед ард түмний итгэл үнэмшил, улстөрийн сонголтыг бүдэгрүүлж,  69-ийн “бүдүүн” бүлэг гэдгийг байгуулж байх вэ дээ. Улстөрчид  ч өөрсдөө  эвгүй байдалд орж, тухайн үедээ  чадаж байна гэж л  ойлгож байсан  байх. Ард түмэн ухаантай болохоор  арай л хэтрүүлж  байна гэж дүгнэж байсан гэж боддог. Энэ үйл явц үргэлжилсээр байгаад 2008 оны сонгуульд С.Баяр даргын үед  манай нам 46 суудал авч, ялалт байгуулсан.
Тухайн үеийн Монголын  улстөрийн нөхцөл байдлыг зөөлрүүлж, хамтарсан  Засгийн газрыг байгуулж, Монголын улстөрд хамтрах, зөвшилцөх  улстөрийн соёлыг авч ирсэн гэж  боддог. Харин 2012 оны сонгуульд манай нам АН-аас дөрвөн суудал дутуу  авсан. Гэхдээ  2012 оны сонгуулиар аль ч улстөрийн хүчин олонх болж чадсангүй. Бас л ард түмэн маань улстөрчдийг улс­төрийн соёлтойгоор ойлгол­цож, зөвшилцөж хамт­ран ажиллах даалгавар өгч сонголтоо хийлээ. Энэ сонголтод нь л улстөрчид ухаа­лаг,  мэдрэмжтэй, бие  биедээ хүндэтгэлтэй  хан­дах  ёстой гэж харж  байгаа.   Одоохондоо манай намын бүлэг байгуулагдаж чадаагүй байна. Мэдээж бүлэг байгуулагдах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх.

-Яаж байгуулагдах юм бэ. Та нар хуулиар заасан хугацаагаа алдчихсан шүү дээ?

-Үндсэн хууль бол бидний  эцэг хууль. Энэ хуулинд наймаас дээш суудалтай улстөрийн нам бүлэг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Үндсэн хуулинд хэдэн цагийн  дотор бүлэг байгуулах ёстой гэсэн заалт байдаггүй.
УИХ-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр 24 цагийн дотор  тухайн ялсан улстөрийн нам сонгогдсон гишүүдийнхээ нэрсийг УИХ-ын даргад  өгөх  ёстой гэсэн заалт   орсон нь Үндсэн хуулиа зөрчсөн заалт орсон гэж бодож байгаа.  Энэ хуулийн зөрчлийг арилгаж, улстөрийн ажлаа хэвийн  явуулах нь зөв гэж  бодож  байна. 

-Улстөрийн намын бүлгүүд хугацаатай зав­сарлага авдаг хуулийг бий болгосон нь дээр биз дээ. Хугацаагүй завсарлага авахаар төрийн ажил явдаг­гүй. Энэ асуудлыг аль аль талаасаа ярилцаад шийдчих хэрэгтэй юм биш үү?

-Ер нь шийдэгдэх байх. АН-ынхан ардчиллын үнэ цэнийг мэдэрч, улстөр хийдэг хүмүүс. Өнгөрсөн дөрвөн жилд энэ хуулийг баталъя гээд оруулж ирэхэд АН-ынхан  завсарлага авсаар байгаад чуулганыг тараа­чихсан.
Бид тухайн үед цөөнхдөө  маш хүндэтгэлтэй хандаж байсан. Гэтэл өнөөдөр тэд олонх болчихоод аливаа асуудалд хүч түрж хандаад байна уу даа  гэж бодогдож байна.  Улстөрчид өөрсдөө хариуцлагатай байж, улс орны хөгжлийн тухай  бүх шатандаа хариуцлагын тухай асуудлыг ярих хэрэгтэй болно.

-Парламентын үйл явцыг ажиглаж байхад АН 1996 оноос хойш ялалт байгуулж үзээгүй болохоор энэ удаа ялалт байгуулсандаа эрдээд байх шиг. МАН-хан  ялагдлын шок­ноосоо гарж чадахгүй байна гэж харагдаад байгаа л даа?

-Таны дүгнэлттэй санал нэг байна. Гэхдээ сүүлийн 20-иод жилд ихэнх тохиолдолд нь МАН, АН-тай хамтарч төр барьсан. Ялалтдаа  хэт их бялууран, ач холбогдол өгвөл алдаа их гардаг байх гэж  боддог.  Улс орныхоо эрх  ашгийн төлөө хамтарч ажиллах нь зүйтэй байх. Нөгөө талаас АН олон асуудлыг хүч түрэн шийдэж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдыг  олноор нь ажлаас нь халж  байна. 

-1996-2000, 2000-2004 онд манай улсын томоохон бизнесмэнүүд улстөрд нэлээд орсон. Та тухайн үед улстөрд орохдоо МАХН-д хандив өгч байсан уу?

-1997 онд Завхан аймагт УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр даргыг нэр дэвшээд явж байхад бид тодорхой хэмжээний зардал  чирэгдлийг гаргаж,  дэмжлэг үзүүлсэн.

-Нууц биш бол 2012 оны сонгуулиар тойрогтоо хэчнээн төгрөг зарцуулж байж УИХ-ын гишүүн болов?

-250 сая орчим төгрөг зарцуулсан.

-Тийм бага төгрөг зарцуулсан гэж үү?

-Би дөрвөн жилд тойрогтоо  хийсэн бүтээсэн ажилтай очиж байгаа болохоор тийм их зардал шаардагдаагүй. Сонгуулийн үеэр юун тухай  өгүүлсэн, юу  ярьж  мэдэгдэж байсан тэр бүхнээ хэрэгжүүлэх гэж зүтгэж байсан болохоор нутгийнхан маань  хүндэтгэлтэй хандаж байсан. Шинээр нэр дэвшиж, сонгогдох гээд очиж байгаа бол арай өөр зардал гарах байсан байх.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.