A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Ө.Энхтүвшин: Н.Алтанхуяг бүлэглэлүүдийн сонирхолд нийцүүлж Засгийн газрыг байгууллаа
Ө.Энхтүвшин: Н.Алтанхуяг бүлэглэлүүдийн сонирхолд нийцүүлж Засгийн газрыг байгууллаа
2012.08.23

Ө.Энхтүвшин: Н.Алтанхуяг бүлэглэлүүдийн сонирхолд нийцүүлж Засгийн газрыг байгууллаа

 
Өлзийсайханы Энхтүвшин. Монголын улс төрийн хүчирхэг лидерүүдийн нэг болох энэ эрхмийн цаг эхэлж байна. Ардын нам эрх баригч хүчний тугаа Ардчилсан намд шилжүүлж, Ардчилсан намынхан Ардын намгүйгээр эрх мэдлийн хуваарилалтаа хийж буй ийм л үед тэрбээр Тусгаар тогтнолын ордны шинэ тэргүүнээр тодорсон. Тэрбээр Ардын намын даргаар сонгогдсоноосоо хойш яг нэг сарын дараа Монголын үндэсний мэдээллийн сүлжээ www.info.mn вэбсайт, мөн “Тэргүүн” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Энэ бол түүний хувьд, Ардын намын дарга болсноосоо хойш хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага нь юм.
Азгүй, бас амаргүй гэмээр энэ үед би Ардын намын дарга болсон
-Хувь улстөрчийн тань хувьд нэг зүйлийг онцолж асууя. Та Ардын намын XXVI их хурлын үеэр намын даргад нэр дэвшиж, С.Батболдтой өрсөлдөж байсан. Өөрөөр хэлбэл, энэ намыг эрх баригч хүчин байх үед шүү дээ. Харин одоо сонгуульд ялагдсан, өмнөх удирдлагуудаас хариуцлага нэхсэн, гэсэн атлаа Монголын улс төрийн хамгийн том хүчин хэвээр байгаа Ардын намыг удирдах үүрэг танд оногдлоо. Ийм хүнд ачааг үүрэхээс татгалзчихаж болоогүй юм уу?
-Өөрийгөө бодвол ч тэгнэ л дээ. “Манай нам сонгуульд ялчихсан тохиолдолд би намын дарга, Ерөнхий сайд болно” гэж хандсан бол татгалзаж болох байсан. Гэвч одоо тийм бололцоо алга. Бидний өмнө орон нутгийн хурлын сонгууль гэдэг том даваа байна. Энэ сонгуулиас хойш хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхэлнэ. Ийм цаг үед нам маань яах билээ. Энэмэтчилэн бодож, тунгаах зүйл олон бий. Таны асуусанчлан Монголын улс төрд эрх баригч хүчин байсан Ардын нам сөрөг хүчин болон ажиллана. Сөрөг хүчин байх нь эрх баригч байхаас хэд дахин илүү ачаа үүрнэ гэсэн үг. Үүсээд буй нөхцөл байдлыг энэ өнцгөөс нь харвал “Би намын дарга болохоо энэ удаад больё” л гэнэ. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Манай нам 1996 онд УИХ-д 25 суудалтай цөөнх болж, Ардчилсан нам 50 суудалтай, дээр нь О.Дашбалбар агсан нэмэгдээд 76-уулаа байсан юм. Тэр үед буюу 1996 оны наймдугаар сарын 26-нд би намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд Н.Энхбаяртай өрсөлдөж байлаа. Тэгэхэд намын даргын албан тушаал гэж байгаагүй. Нам доторхи сонгуулийн үр дүнд Н.Энхбаяр намын генсек болж, бид УИХ-ын 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан төдийгүй Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль, тэр ч атугай нөхөн сонгуулиудад ялалт байгуулж байсан. Ийм түүх манай намд бий. Намаа гэх сэтгэл ч бас бидэнд байна. Ер нь сэтгэл, итгэл, зүрх зориг гаргалгүйгээр “Одоо ингээд боллоо доо” хэмээн харх шиг зугтчихвал 91 жилийн түүхтэй Ардын намыг хэн авч явах болж байна вэ. Ийм л учраас би намын даргын албанд сэтгэл хоёрдолгүйгээр өрсөлдсөн. “Энэ намыг удирдаж чадна” гэж бодож байна. Бидэнд бага зэргийн бэрхшээл тулгарах нь тулгарсан. Гэхдээ болно оо. Ардын нам дахин эрх баригч хүчин болж, алдсанаа нөхөх бүрэн бололцоотой. Үнэхээр ч намын дарга болсноос хойш яг нэг сар өнгөрсөн байна шүү.
-Танай нам 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш улс төрийн бүхэл бүтэн үе өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд энэ намын даргаар ажилласан эрхмүүдээс хамгийн азгүй нь та, тийм үү. Уучлаарай, эвгүй байгаа ч ингэж асуумаар санагдлаа?
-Азгүй, бас амаргүй ч гэмээр хүнд үе таарч байна. Гэхдээ яах вэ. Энэ бол түр зуурын үзэгдэл.
-Таны хувьд, өөртөө итгэлтэй, зоримог, бадрангуй улстөрч. Бокстой зүйрлэвэл, тулааны эхний үе л өндөрлөлөө. Харин орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль хоёр, гурав дахь үе шат нь. Үлдсэн хоёр тулаанд намаа ялуулах итгэл, хүч танд байна уу?
-Мэдээж хэрэг, байгаа. Тийм боломж ч бий. Хамгийн гол нь намаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Ардын намынхан дотоод асуудлаа сайтар ярилцаж шийдэх ёстой. Намын эв нэгдлийг бэхжүүлж ажиллах нь ч зүйн хэрэг.
-Ө.Энхтүвшин гэдэг эрхэм нам дотроо “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр байгуулж байсныг эс тооцвол аль ч фракцид хамаарагддаггүй. Яагаад тэр вэ?
-Надад ямар нэгэн фракци байгаагүй. Одоо ч мөн адил. Цаашид ч байхгүй хэвээр байна. Ер нь фракци, бүлэглэл гээч юм тухайн намын хүчийг сулруулж, эв нэгдэлгүй болгодог. Тийм учраас бид үнэт зүйл, гол зарчим дээрээ л нэгдэж чадах нь чухал. Хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаад байдаг. Тэр сонирхол нь намын эрх ашгийн дээр заларчихдагийг засаж чадахгүй бол намын хүч суларна. Би намын дарга болох үедээ “Асуудлыг илэн далангүй ярьдаг байя. Бие биенийхээ үгийг сонсъё. Маргах, мэтгэлцэх зүйлс гарна. Тэвчих хэрэгтэй. Нэг нэгэндээ хатуу үг шидэх явдал ч гарна. Бас тэвчих хэрэгтэй. Ингээд олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэе. Олонхийн шийдвэрийг хэдүүлээ эв нэгдэлтэйгээр хэрэгжүүлье. Урьд нь хэн ямар бодолтой байсан нь хамаагүй. Түүнийг нь хүндэтгэж ажиллая. Надад ямар нэгэн бүлэглэл хэрэггүй. Би бүлэглэл, фракцийг дэмжихгүй. Олон фракцитай байх нь хортой гэдгийг Ардчилсан намын дотоод байдал харуулж байна” гэж гишүүддээ хэлсэн. Үнэхээр ч Ардчилсан намынхан хэд, хэдэн фракци болон хуваагдчихсан. Сая Засгийн газрыг байгуулахдаа фракциудынхаа сонирхлыг хангахын төлөө ажиллалаа. Тэр тусмаа бизнесийн бүлэглэлүүдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэх гэж цаг их алдсан. Энэ байдлаараа явбал ямар ч нам хэдэн ч хэсэг хуваагдана. Хэсэг бүлэг хүмүүс нэг нэгэндээ албан тушаал хуваарилаад байвал харж л байгаарай. Шинэ, шинэ фракциуд үүснэ. Үүнийг яаж зохицуулж чадах юм бэ. Чадахгүй шүү дээ. Иймэрхүү байдалтай байвал тухайн улс төрийн хүчин насгүй болно гэж би боддог. Тийм учраас манай намд элдэв бүлэглэл байх ёсгүй. Тухайн үед би намдаа жигүүр байгуулж байсан нь үнэн. Энэ нь намын дүрмийн хүрээнд байдаг л зүйл. Намын бодлогын зэрэгцээ буюу өөр хувилбарыг гаргах, түүнийг хэрэгжүүлэх арга тактикийн талаар өөр хувилбар дэвшүүлэх, түүнийгээ өрсөлдүүлэх, уралдуулах ийм л зорилготойгоор манай нам жигүүр байгуулахыг дүрмээрээ зөвшөөрдөг. Бид яг тийм зорилгоор жигүүр байгуулж байсан. Цаг үеийнхээ шаардлагад нийцүүлсэн. Жигүүр байгуулсны хэрэг ч гарсан. Намын удирдлага, олон түмний хооронд том зай үүсчихээд байдаг, нам хаалттай, нэг хэсгийнх нь гарт эрх мэдэл төвлөрсөн байсныг бид эвдэж чадсан. Биднийг жигүүр байгуулсны дараа намын шинэчлэлийн төлөөх хөдөлгөөнүүд ч байгуулагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс манай намд энэ жигүүр одоо байхгүй.
-Төрийн алхыг гартаа атгасан Ардчилсан намынхан та бүхэнд хүрд эргүүлэх боломж олгохгүй байна. Энэ болгонд Ардын намын гишүүд завсарлага авах боллоо. Улс төрийн тоглолтын явцад тэд та нарыг хэд, хэдэн удаа “идчихлээ” шүү дээ. “Ажил хаялт байн байн зарлах нь Ардын намын рейтингийг бууруулна” гэдгийг ч тэд тооцоолж байна. Ардчилсан намынхны зай завсаргүй ширүүн цохилт та бүхнийг орон нутгийн хурлын сонгуульд ялагдуулах юм биш биз?
-Тэд “Ардын намынхан ажлаа хийхгүй байна” гэж хэлж чадахгүй. Тэртэй, тэргүй өөрсдөө 40 хэдүүлээ сууж байгаад асуудлаа шийдчихлээ шүү дээ. Бидний зүгээс тэдэнд саад болж, төрийн ажлыг гацаасан нь үгүй. Ардчилсан намынхан засгийн эрхийг гартаа авсан л юм бол ажлаа хийцгээх ёстой. Бурууг хэн нэгэн хүн, аль нэгэн нам руу чихэлгүйгээр явах хэрэгтэй. Нөхцөл байдлыг би ингэж харж байна. Тэгээсэй ч гэж хүсэж байна. Тал, талын дайралт их байгаа ч манай намынхан энэ бүхнийг даван туулж чадна.
-Ер нь Ардчилсан намынхан танай намынхан байтугай Ерөнхийлөгчийн үгийг ч хүлээж авсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг сайдад “УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сайдаар томилоорой. Би энэ талаар хатуу байр суурьтай байгаа шүү” гэж сануулсан ч Ерөнхий сайд танхимынхаа 90 гаруй хувийг УИХ-ын гишүүдээр бүрдүүлчихлээ?
-Тийм ээ, Ерөнхийлөгч байр сууриа хоёр ч удаа илэрхийлсэн. “Ерөнхий сайдыг л дотроос томилно. Бусад нь УИХ-ын гишүүн бус хүмүүс байна. Ингэж байж гүйцэтгэх засаглалд тавих хяналт сайжирна” гэж. Харамсалтай нь түүний хэлсэн үгийг үл тоолоо. Ардчилсан намынхан одоохондоо бяртай байна. Гэвч дандаа ийм байхгүй. Тэд сөрөг хүчин рүүгээ ч дайралт их хийж байгаа. Гэхдээ “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэдэг шүү дээ. Ардчилсан намынхан асуудалд ямагт хүч түрэмгийлсэн байдлаар хандаж чадахгүй. Би үүнийг баталгаатай хэлнэ. Тэгээд ч парламентын үйл ажиллагааг ингэж явуулдаггүй юм. Үндсэн хуулийг энэмэтчилэн зөрчихийг нь ард түмэн тэвчихгүй. Тиймээс “Ардчилсан намынхан энэ бүхнийг эртхэн ухаараасай” гэж бодож байна. Түүнээс биш “Бидний боломж өдөр ирэх тусам хумигдаж байна. Яах билээ” гэж тэвдэж сандарсан явдал манай намынханд алга.
-Гэхдээ Ардын нам хүч тарамдсан байдалтай байгааг та хүлээн зөвшөөрөх үү?
-Нам сонгуульд ялагдсан учраас гишүүдийн сэтгэл санаа юу гэж л өндөр байв гэж. Гэвч манай нам анх удаа ийм зүйл үзэж байгаа юм биш. Үүнээс ч цөөхөн суудлыг 1996 онд авч байсан. Тэгвэл бид өнөөдөр УИХ-д 27-уулаа. Дээр нь Баянзүрх дүүрэгт нэг суудал нэмж авна. Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар маань сонгогдох ихээхэн боломжтой. Ингээд УИХ-д 29 суудалтай буюу Ардчилсан намаас хоёрхон суудлаар цөөн болно гэсэн үг. Бид өмнө нь 25-хан суудалтай болчихоод сонгуульд ялаад, дийлээд болж л байсан. Тиймээс улс төрд өрнөж буй үйл явц зөвхөн өнөөдрөөрөө л дуусна. Цаашид ингэж үргэлжлэхгүй. Их юм болно. Та бүхэн хараарай.
-Ц.Нямдорж гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ Засгийн газар урвагчдаас бүрдсэн. УИХ-ыг ч гэсэн урвагчид удирдахаар боллоо” гэж дурьдсан. Харин та юу гэж бодож байна вэ?
-Хэн, хэн нь сонгуульд тус, тусдаа оролцсон субъектууд. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн сонгуульд хамтран оролцож УИХ-д 11 суудалтай боллоо. Энэ бол ард түмний сонголт. Тийм учраас Ардын намын даргын хувьд би илүү зүйл ярих боломжгүй. Элдэв тодорхойлолт өгч, хаа хамаагүй шошго нааж чадахгүй. “Шударга ёс” эвслийнхэн Ардчилсан намынхантай хамтарч Засгийн газрыг бүрдүүллээ. Одоо амласнаа биелүүлж, ажлаа сайн хийх хэрэгтэй. Ард түмэн тэднийг ингэж л бодож сонгосон.
-Намд нь цөвүүн цаг нүүрлэчихээд байхад Ардын намын лидерүүд яагаад оновчтой тоглолт хийхгүй байна вэ. УИХ-ын чуулганы танхимд Ц.Нямдорж гишүүн улалзталаа уурлаж, ширүүхэн үгс хэлж байгааг эс тооцвол хэн ч хүчтэй цохилт хийхгүй байна?
-Яах вэ дээ, тэмцлийн ямар ч арга байж болно. Бүгд уурлаж, хашгичсанаараа мундаг тэмцэгч болж харагдахгүй. Ц.Нямдорж гишүүн үзэл бодлоо илэрхийлж л байна. Гэлээ гээд түүнийг хэн ч хориглож чадахгүй. Ер нь үгээ хэлж л байг. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тиймээс Ардын намынхан хууль зөрчиж болохгүй. Дахин хэлэхэд, зөвхөн өнөөдрөөр бүх зүйлийг дүгнэчихээд маргаашийг харж чадахгүй болтлоо бачимдаж болохгүй. Манай намынхан ингэж л үзэж байгаа. Ер нь үйл явдлын өрнөл, тавилт их өөр, өөр болно. Өнөөдрийн байдлаар, бид бүх зүйлийг хуулийн хүрээнд шаардаж байгаа. Тэгээд ч Засгийн газар ажилдаа дөнгөж орж байна. Тэд ажлаа юунаас эхэлж, юу хийхийг нь харах хэрэгтэй. Тэр болгоныг нь харж чадахгүйгээр бүгдээрээ орилолдоод байх нь зохисгүй л дээ. Ер нь юм болоогүй байна. Дөнгөж эхэлж байна.
-Ингэхэд Ардын намын дарга, Ерөнхий сайд асан С.Батболд эцсийн цэгийг тавьж яагаад тэвчсэнгүй вэ. Ядаж орон нутгийн хурлын сонгуулийг дуусгачихаж болоогүй юм байх даа?
-Намын дүрэмд “УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцвол нам, түүнийг удирдсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүд хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу намын өмнөх удирдлагууд “Хариуцлагаа хүлээе” гээд албан тушаалаа өгөх тухай өргөдөл гаргасан юм.
-Уучлаарай, тантай санал нийлэхгүй байна. Тэд хариуцлага хүлээх биш, харин ч УИХ-ын гишүүний суудлаар “шагнуулчихсан” юм биш үү?
-Тэд намын дүрмийн дагуу ажлаа өгцгөөсөн. Миний хувьд, өнгөрсөн сард хуралдсан Бага хурлын ээлжит хуралдааны үеэр “Ийм хүнд үед би намаа удирдаж чадна” хэмээн байр сууриа тов тодорхой илэрхийлж байсан. Түүнээс биш өмнөх удирдлагууддаа хандаж хэлэх үг надад байхгүй. Тийм учраас нам цаашид үйл ажиллагаагаа хүчтэй явуулах, олон түмний итгэлийг авч чадах эсэх нь надаас, бас манай багаас хамаарах болж байна. Орон нутгийн хурлын сонгуульд амжилттай оролцох эсэх нь бидний хувьд анхны том сорилт, шалгалт юм. Ямар ч байсан бид өдөр, шөнөгүй ажиллаж байна.
-Танай нам УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдах болсон гол шалтгаан нь Ардын нам ба МАХН болж хуваагдсан явдал. Эрх баригч хүчнээс Н.Энхбаярынхан салан тусгаарласныг Төрийн тэргүүн овжин ашиглаж, МАХН гэдэг нэрийг экс Ерөнхийлөгчид өмчлүүлсэн нь улайссан цогийг үлээснээс өөрцгүй хэрэг. Зарим аймгийн Засаг дарга нарыг авлигын хэргээр шалгаж, баривчилж, бас ял оноосон нь ч Ардын нам ялагдахад нөлөөлсөн, тийм үү?
-Олон хүн ингэж хэлдэг. “Танай намд саналаа өгдөг сонгогчдын нэлээд хувь нь МАХН-д саналаа өгчихлөө” гэж. Үүнийг би үгүйсгэж чадахгүй. Ер нь улс төр л юм хойно хэн овсгоо гаргасан, хэн боломжийг ашиглаж чадсан нь ялдаг хуультай. Тийм учраас “Түүнээс боллоо. Ингэсэн, тэгсэн” гэж ярих хүсэл надад алга. Тухайн үед их л олон зүйл ярьцгааж байсан. “МАХН гэдэг нэрийг өөр хэн ч өмчилж чадахааргүй хуулийн заалт бий” гэж байлаа. Үндсэн хуулийн Цэц яг ийм утгатай шийдвэр гаргасан атал Улсын дээд шүүх энэ нэрийг Н.Энхбаярынханд өгсөн. Үүнтэй холбоотой маргаан тэр үед их дэгдсэн шүү дээ. Тиймээс би энэ бүхнийг эргэн сөхөж яримааргүй байна. Одоо зөвхөн урагшаа харж ажиллахаас гадна “Энэ намыг яаж авч явах вэ. Хаяанд ирчихээд буй орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд намаа хэрхэн ялуулах вэ. Цаашилбал УИХ-ын 2016 оны сонгуульд олонхи болох байр сууриа яаж баталгаажуулах вэ” гэх мэт зүйлс л толгойд бодогдож байна. Гэхдээ өнгөрсөн бүхэн намын бодлогоо тодорхойлоход сургамж болно.
-Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс МАХН-ыг “хувьчилсан” юм гэхэд Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарыг Ардын намын данснаас хасахгүй байж болоогүй юм уу. Хэрэв тэд танай намд байсан бол та бүхэн сонгуульд ялж болох л байсан шүү дээ?
-Бидэнд алдсан зүйл их бий. Нэг бус алдаа гаргасан учраас манай нам сонгуульд амжилтгүй дүн үзүүлсэн. Таны хэлсэн үг, бас өөр зүйлсийг нэгтгэж алдаа, оноогоо шүүвэл нэлээд урт жагсаалт болох байх.
-Таны өмнө хүчтэй өрсөлдөгч зогсож байна. Тэр бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг. Түүний тэргүүлж буй нам өнгөрсөн сонгуулиар С.Батболд гэдэг даргатай эрх баригч хүчнийг ялсан. Тэгвэл Н.Алтанхуягийн багийнхан орон нутгийн хурлын сонгуулийн үеэр Засгийн газрыг хамтран бүрдүүлсэн нам, эвсэлтэй хамтарч Ө.Энхтүвшин тэргүүтэй Ардын намынхны эсрэг хөдөлнө. Шинэчлэлийн Засгийн газар, ажил хэрэгч, шаардлага өндөртэй, эрч хүчтэй Ерөнхий сайдын имижийг бүрдүүлж, ард түмэнд таалагдах тактикуудаа тэд хэрэгжүүлээд эхэлчихлээ. Харин танай намынхан ямар тактик боловсруулж байна вэ?
-Эрх баригч хүчний тэргүүний хувьд, тэр хүн бодлогоо дэвшүүлж байна. Одоохондоо ярьж байгаа зүйлс нь сайхан л сонсогдож байна лээ. Бид түүний хэлсэн үг, хэрэгжүүлж буй алхмуудыг анхааралтай чагнаж байгаа. “Ам, ажил хоёр нь нэг байгаасай” гэж хүсэж байна. Ер нь “Хагас, бүтэн сайнгүй ажиллана” гэсэн нь зөв. Ингэж л ажиллаж, ихийг амжуулах ёстой. Гэхдээ үргэлж яриад байж болохгүй. “Үүнээс болчихлоо. Түүнээс шалтгаалсан. Ингээд хэлж, төлөвлөсөн ажлууд маань хэрэгжихгүй байна” гэж болохгүй. “Чадна” гэж Ерөнхий сайд болсон бол чадах л учиртай. Бид үүнийг хүлээж байна. Миний хувьд, сөрөг хүчний удирдагч. Манай намынхан хоорондоо юу гэж тохиролцсон бэ гэвэл “Бид зохион байгуулалттай, цэгцтэй, өрсөлдөж тэмцэх чадвар сайтай, ийм л сөрөг хүчин байна. Улс эх орны хөгжилд тулгамдсан асуудлуудаар тэдэнтэй бодлогоор өрсөлдөнө. Эрх баригчдын үйл ажиллагаанд байнга хатуу хяналт тавина. Сонгуулийн амлалтуудаа хэрэгжүүлж байна уу, үгүй юү. Хууль зөрчиж байна уу, хүний эрх ашиг хохирч байна уу гэдэгт хяналт тавьж ажиллана. Хууль зөрчсөн үйлдэл гаргавал бид бүх бололцоогоороо тэмцэнэ. Бидэнд ч гэсэн сонгуулиар амласан зүйлс бий. Хэдийгээр сөрөг хүчин болж, Засгийн газарт ажиллах боломжгүй болсон ч ард түмэнд амласан амлалтуудаа хэрэгжүүлэх бүх боломжийг хайж ажиллана” гэсэн. Тиймээс орон нутгийн хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгана.
-Яагаад заавал “Шударга ёс” эвсэл гэж. Н.Алтанхуяг сайд сонгуулийн дараахан “МАХН-МҮАН-ын эвсэлтэй хамтарч Засгийн газрыг байгуулна” гэсэн нь олон нийтийн дунд ийм эргэлзээг үүсгэсэн. Эвслийнхэн энд Ардчилсан намынхантай зөвшилцөх зуур тэнд эвслийн тэргүүн Н.Энхбаяр шүүхээс ял сонссон. Энэ мэт байдлаас болж “Н.Алтанхуягийн Засгийн газар удахгүй огцорно. Эвсэж, хамтарч, сайн, муугаа мэдэлцсэнээрээ энэ хэд Ардын намтай эвсэхгүй яав” гэх яриа ч тасрахгүй байна. Тэд яагаад танай намтай хамтарсангүй вэ?
-Тэдний л сонголт шүү дээ. Үндсэн хуулийн дагуу УИХ-д хамгийн олон суудал авсан нам аль намтай хамтарч Засгийн газрыг бүрдүүлэхээ шийддэг. Ардчилсан намынханд манай намтай хамтрахгүй байх хэд, хэдэн шалтгаан байсан биз. Үүнийгээ сонин хэвлэлд бичиж байна. Гэвч энэ хамаагүй. Бидний зүгээс “Засгийн газарт орж чадсангүй” хэмээн өсөрхөж, гомдсон зүйлгүй. Харин УИХ-ын даргыг хууль бусаар томилсон тухайд хөндөхөд Ардчилсан намынхан “Энэ хэд тахимаа өгөх дургүй байна. Ингэж шантаажилж байгаад Засгийн газарт орчих санаатай байгаа юм шиг байна” гэсэн утгатай мэдээллүүдийг гадагш нь тараасан юм билээ. Бид үүнийг мэдсэн. Онцлог нь манай намынханд тийм бодол байхгүй. “Сөрөг хүчин байна” гэж Бага хурал дээр яриад тохиролцчихсон. Харин хэр хүчтэй сөрөг хүчин байх нь биднээс шалтгаална. Цаг хугацаа гэж том багш байна шүү дээ.
-Эвслээс М.Энхсайхан хоосон хоцорлоо. Энэ яадаг юм гэхэд Ч.Улаан УИХ-ын дэд даргаар долоохон хоног ажиллачихаад Сангийн сайд боллоо. Эгдүүцмээр санагдахгүй байна гэж үү?
-Би хувь хүний талаар юу ч ярихгүй. Зөвхөн тэд яаж ажиллахыг л харна.
-Ардын намын дарга, бас улс төрд олон жил хамт зүтгэсэн хүний хувьд та экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын асуудалд хэр анхааралтай хандаж байна вэ?
-Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын талаар ойр тойрныхноос нь асууж байгаа. Хүн ёсны хувьд тэр хүний биеийн байдалд санаа тавьж анхаарах ёстой. Түүнийг эмчилгээгээ хийлгэх боломжоор холбогдох байгууллагууд бүрэн хангаж эмчлэх учиртай. Түүнээс биш барьж хорьчихоод байгаад байж болохгүй. Н.Энхбаярыг хэд хоногийн өмнө II эмнэлэг рүү шилжүүлсэн гэх мэдээ сонссон. Харин энэ хүн гэм буруутай эсэх нь жич асуудал. Миний хувьд, “Н.Энхбаярын өмгөөлөгч давж заалдсан юм байна” гэж ойлгож байгаа. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хурлыг удахгүй товлох биз ээ.
Тэд яг л өс хонзонгоо авч буй мэт харагдаж байна
-Нэг гишүүн тань УИХ-ын дэргэдэх дэд хорооны гишүүн болсныг эс тооцвол та бүхний өмнө хөшиг хаалттай хэвээр. Танай нам УИХ-д бүлэгтэй болох эсэхийг та нар биш, эрх баригчид шийдэж таарах нь. Энэ хориглон хамгаалалтыг Ардын намынхан яаж давах вэ?
-Үндсэн хуулийн дагуу манай намын бүлэг УИХ-д байгуулагдсан. Үндсэн хуульд “Сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулагдана” гэж заасан байдаг. Түүнээс биш сонгуулийн дараа УИХ-ын дарга, аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан тухайн намын бүлэг байгуулагдах эсэхийг шийдчихдэг юм биш. Хуульд “УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна” гэсэн заалт бий. Тиймээс тухайн улс төрийн хүчин бүлэг байгуулсан тухай шийдвэрээ гишүүдийнхээ нэрсийн жагсаалттай хамт УИХ-ын даргад өргөн барьдаг. УИХ-ын дарга түүнийг нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд уншиж сонсгоод л гүйцээ. Харин “Ийм бүлэг байгуулах уу. Санал хураалт явуулах уу” гэх мэт асуудал хуульд байхгүй. Ардчилсан намынхан “Ардын намынхан УИХ-ын даргыг томилсноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсан тухайгаа мэдэгдээгүй” гээд байгаа юм. Тэгвэл энэ 24 цаг гэж юу юм бэ. Үндсэн хуулийн дээрх заалтыг хэлбэржүүлэх л арга шүү дээ. Тэгвэл “24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн бариагүй бол яах юм бэ. Ингэсэн тохиолдолд тухайн нам УИХ-д бүлэггүй болно” гэсэн заалт хуульд байдаггүй. Тийм учраас бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ардчилсан намынхан бидний тухай ярихдаа “Хуульд өөрчлөлт хийх ёстой” гэдэг. Гэтэл УИХ-ын дарга өөрөө хууль зөрчөөд сууж байна. Учир нь хуульд “Насаар хамгийн ахмад хүн нь чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулж удирдана” гэсэн утгатай заалт бий. Тухайн үед Д.Дэмбэрэл гуай байж л байсан. Тэрбээр “Лхагва гарагийн 10 цагт чуулгантай” гээд шийдвэрлэчихсэн байсан. Харин тэд мягмар гарагийн үдээс хойш байх аа. Л.Цог гэдэг хүнийг хамгийн ахмад гишүүн болгоод суулгачихсан. Хэрэв хамгийн ахмад гишүүн нь хурал удирдахгүй болсон тохиолдолд насаар түүний дараа орох хүнээр хурал удирдуулах хуулийн зохицуулалтыг хийж болох л байлаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар 24 цагтай холбоотой хуулийн төслийг өчигдөр /уржигдар/ өргөн барьсан байна лээ. Магадгүй, тэд нөхцөл байдлыг хараад санаа нь зовсон байх.
-Гэлээ гээд тэд “Ардын намд туслагчид” гэсэн нэр хочтой л болох шиг боллоо?
-Үнэнийг хэлэхэд, эрх баригчдын хувьд хууль, энэ тэрдээ ч биш. “Ардын намын оролцоогүйгээр асуудлыг өөрсдийнхөө хүссэнээр шийдээд явцгаая” гэсэн бодлого байх шиг байна. Цаад санаа нь ердөө л энэ. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, төсвийн тодотголыг тэд бидэнгүйгээр хэлэлцэж батлахыг хүсэж байна. Яагаад гээч. “Ардын намын 25 гишүүн ороод ирвэл байр сууриа илэрхийлнэ. Аягүй бол завсарлага авна. Ийм байдал үүсэх учраас хэдүүлээ нийлээд кнопдоод явчихъя” гэсэн бодлого байгаад байна. Үүний нэг нотолгоо нь манай намынхныг байнгын хороонд оруулаагүй. Ардчилсан намынхан “Нэг байнгын хороо 10-19 гишүүнтэй байна” гэчихээд нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж болох тухай өөрчлөлтийг хуульд тусгасан. Ингээд 40 гаруй хүнээ гурван байнгын хороонд хуваахаар Ардын намын 25 гишүүн байнгын хороонд орох боломжгүй болчихож байна. Тооны хязгаар тавьчихсан учраас тэр. Гишүүд байнгын хороонд орж ажиллаж чадахгүй байна гэдэг нь санал өгөх эрхгүй болно гэсэн үг. Тиймээс нэгдсэн хуралдааны үеэр нөгөө хэд л санал өгч, кноп дарах болж байна. Ийм балмад үйлдэл хийж байгаа юм даа, тэд. Хэдийгээр улс төрийн тэмцэл өрнүүлж, бойкот хийж болох ч бид энэ аргыг сонгохгүй. Манай намынхан “Төр засгаа эмхлэн байгуулах их ажлыг нь дуусгая. Намар болж, өвөл ойртлоо. Цаг үеийн ажил зуун задгай байна. Яам, агентлагууд нь ажил төрөлдөө хурдан ороосой” хэмээн үзэж, хуралдаанд оролцох болсон. Гэхдээ бид цөхөрч, аргаа барсандаа суудлаа эзлээгүй. Улс орны эрх ашиг гэж бий. Үүнийг л бид эн тэргүүнд тавьж байна. Гэлээ гээд тэмцлээ саармагжуулахгүй. УИХ-д бүлэг байгуулах эрхийг маань хааж боомилсон үзэгдлүүдтэй үе шаттайгаар тэмцэнэ. Монгол Улс Үндсэн хуультай. Түүнээс дээгүүр эрх мэдэлтэн гэж юу байх вэ дээ.
-Эрх баригчид бүтэн дөрвөн жилийн туршид иймэрхүү арга хэрэглэж чадна гэж үү?
-Чадахгүй л дээ. Бид тэгүүлэх ч үгүй. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл Үндсэн хуулийн хямрал нүүрлэнэ. Үндсэн хуульд “Нам, эвсэл ард түмнээс хэдэн хувийн санал авна. Түүнийхээ дагуу УИХ-д бүлэг байгуулах эрхтэй” гэж заачихаад байхад “24 цаг” гэсэн үгээр барьцаалж, УИХ-д Ардын намын бүлэг байгуулагдсан тухай зарлахгүй байгаа нь яалт ч үгүй Үндсэн хууль зөрчсөн явдал.
-УИХ-ын дарга З.Энхболд “Ардын намынхны хууль бус бичиг баримтыг би цааш нь дамжуулах үүрэггүй” хэмээн мэдэгдсэн. Ер нь нэг иймэрхүү дарангуйлсан, өшөө авах гэсэн хандлага давамгайлаад байна уу даа. З.Энхболд даргын хувьд, УИХ-ын 2004 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж ялсан ч тангаргаа өргөж чадахгүй нэг жил гаруй болсон. Үүнээс гадна танай намынхан Ардчилсан намынхныг бүлэггүй болгож байсан удаатай. Н.Алтанхуягийн багийнхан энэ түүхийг эргэн сөхөж, та бүхнээс хариугаа авч байгаа юм биш үү?
-Бид ч бас тэгж бодож байна. Тэд 2004-2008 онд болсон явдлуудыг дахин, дахин хөндөж байна лээ. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын байгуулсан “Эх орон-Ардчилал” эвсэл 2005 онд задарсан. Эвсэл задарсан тохиолдолд УИХ дахь бүлэг нь татан буугддаг. Хуульд энэ тухай тодорхой заалт бий. Ардчилсан намынхан УИХ-д бүлэг байгуулах эрхгүй болсон учраас зөвлөл байгуулж байсан юм. Энэ бол яалт ч үгүй тэднээс өөрсдөөс нь болсон явдал. Гэтэл үүнийг одоо дахин, дахин сөхөж яриад байгаа нь “Та нар биднийг чадаж байсан. Тийм учраас бид одоо та нарыг чадна” гэж өс хонзонгоо авч буй мэт харагдаж байна. Харамсалтай нь улс төрд ийм арга хэрэглэх нь явуургүй үзэгдэл. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуульт улсад хүч хэрэглэж, асуудлыг шийдэх нь огт бүтэхгүй хэрэг. Ингэж хүч хэрэглэх тусам тэд хүчгүйднэ. Үүнийг нь дагаад төр ч суларна. Ардчилсан намынхан энэ алдаагаа олж харсан эсэх нь надад эргэлзээтэй санагддаг. Тэд “Энэ хэдэн хүнээ суулгачихаад кнопдоод байна” гэж бодож байх шиг байна. Гэхдээ 19 гишүүн нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон шүү дээ. Тэд засгийн ажлыг хаяад чуулганы танхимд кноп дарж суух болж байна уу. Энэ юуг харуулж байна вэ гэвэл, хямрал руу л түлхэж байна гэсэн үг.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим олигархиудаас бүрдлээ. Ард иргэд ч үүнийг шүүмжилж байна. Харин та “Шинэчлэлийн” гэх тодотголтой энэ Засгийн газрыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сайд нарыг томилсон өдөр Х.Тэмүүжин гишүүн хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Тэрбээр “Ерөнхий сайдын оруулж ирж буй сайд нар дунд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байна” гэж хэлсэн байна билээ. Гэхдээ хэн, хэн ашиг сонирхлын зөрчилтэй вэ гэдгийг нэр зааж дурьдаагүй. Миний хувьд, гадна талаас нь харахад томоохон компаниудын эзэд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан. Сонгуулийн үеэр амласан, тохиролцсон зүйлс байдаг юм уу, аль эсвэл сонгуулийн санхүүжилтийг нь даасны хариу болгож томилж байгаа юм уу, бялуугаа хувааж, Ардчилсан нам дахь фракциудын сонирхлыг албан тушаалаар хааж байгаа юм уу, ийм л дүр зураг харагдлаа. Ямар ч байсан төрд байх ёстой, ажил мэргэжлийн туршлагатай хүмүүсээр танхимаа бүрдүүлэх зарчим нь сая алдагдсан.  
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.