Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах цэцэрлэг байгуулж, ашиглалтад орууллаа
2017.09.18

Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах цэцэрлэг байгуулж, ашиглалтад орууллаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.09.15)  Сонгинохайрхан  дүүргийн 19 дүгээр хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж, сургуулийн өмнөх боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ хийх “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

УИХ-ын гишүүн Н.Учрал уг цэцэрлэгийн байрыг өөрийн хөрөнгөөр бүрэн засварлаж, материаллаг баазаар ханган, ашиглалтад оруулсан байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ

“Сонгинохайрхан дүүрэгт 900 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий гэж тоо гарсан. Улсын хэмжээнд арван мянга гаруй хүүхэд байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ хүүхдүүдэд анхаарал, халамж маш их хэрэгтэй.

УИХ-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахад миний бие ажлын хэсэгт орж ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрох, тэгш эрхтэй байх тогтолцоо тун сул байгааг ойлгосон.

Улаанбаатарт аравдугаар цэцэрлэгээс өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг цэцэрлэг байдаггүй. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдах хүчин чадалтай.

Арван анги тус бүрт 15 хүүхэд авна гэж тооцвол 150 хүүхдийн эцэг, эх ажил хийх боломжтой болно. Үүнд сэтгэл маш өндөр байна. Зургаан нас өнгөрсөн хүүхэд ч энэ цэцэрлэгт хамрагдаж,  сэргээн засах эмчилгээнд явж болно. Энд мөн өдөр өнжүүлэх төв ажиллана” гэлээ.

 Эцэг, эхчүүдийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах цэцэрлэг ашиглалтад оруулсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Иргэн И.Урангоо 

Манай хүүхэд долоон нас хүрсэн ч өмнө нь нэг ч удаа цэцэрлэгт явж байгаагүй, боломж хомс байлаа.

Гэрийнхээ ойролцоо ийм цэцэрлэгтэй болсонд баярлаж байна” гэсэн бол иргэн Р.Дэлгэр “Ээж ааваас нь  өөр хайхрах хүнгүй хүүхдүүд ийм тохилог сайхан цэцэрлэгтэй болсонд үнэхээр их баярлаж байна. Бид хүүхдүүдээ тэврээд, Эх нялхсын эмнэлгээс өөр явах газар байдаггүй байсан бол одоо хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх боломжтой боллоо” гэсэн юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир тус цэцэрлэгт яамнаас таван тэргэнцэр хандивлаж байгааг мэдэгдэв.