УИХ нийгмийн халамжийн чиглэлээр есөн хууль баталжээ
Шинэ парламент байгуулагдсанаасаа хойш нэг жилийн хугацаанд хоёр удаагийн ээлжит чуулганаар нийт 40 гаруй хуулийг баталжээ. Үүнээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нийт 9 хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж, УИХ-аар батлуулсан байна.
Тус хороог УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалдаг бөгөөд 18 гишүүнтэй. Үүнд О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Д.Ганболд, С.Жавхлан Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, А.Ундраа, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар багтдаг.
1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль
2017.01.26-нд батлагдсан.
2017.09.01-нд хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хууль нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох асуудлыг нэг мөр болгож, цэргийн алба хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэмэх, энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад шилжүүлэх боломжоор хангав. Өөрөөр хэлбэл заасан хугацаанаас илүү ажилласан жил тутамд 1,5, сар тутамд 0,125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож, нэмэгдэл олгоно гэж шинэ зохицуулалт оруулжээ.
2. Ахмад настны тухай хууль
2017.01.26-нд батлагдсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.
Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх боломжоор хангах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Ахмад настанд зориулсан шинэ төрлийн тусламж, үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь өмнөх хуулиас давуу болсон. Мөн ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд олгох мөнгөн тулсамж, хөнгөлөлтийг бие даасан хуулиар зохицуулахаар болсон.
65-аас дээш настай ахмадад 50,000, 70-аас дээш настайд 80,000, 80-аас дээш настайд 150,000, 90-өөс дээш настайд 250,000 төгрөгийн жилд хоёр удаа олгохоор болжээ.
3. Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн тухай хууль
2017.02.02-нд батлагдсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992 он/ Ардын Их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгохоор болжээ. Эдгээр алдар цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламж үзүүлэхээс гадна хөнгөлөлт эдлүүлэх юм.
Монгол Улсад Ардын Их Хурлын Депутат 230, Улсын Бага Хурлын гишүүн 8 байдаг.
4. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэр даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль
2017.02.02-нд батлагдсан.
2018.01.01-нд хэрэгжиж эхэлнэ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай хэмжээгээр тооцон нөхөн төлөх боломжтой. Харин тухайн иргэний эдийн засгийн боломжоос хамаарч шимтгэл төлөх графикийг тогтоох бөгөөд уг журмыг Засгийн газар батлан хэрэгжүүлэх юм
Нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцжээ.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль
2017.02.02-нд батлагдсан.
2018.01.01-нд хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох болжээ. Мөн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцохоор болсон юм.
6. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль
2017.05.18-нд батлагдсан.
2018.01.01-нд хэрэгжиж эхэлнэ.
Хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт залуучуудын хөгжлийн төв ажиллаж эхэлнэ. Уг төв нь залуучуудад насан туршийн боловсрол олгох, амьдрах ухаанд суралцуулах, сэтгэл зүйн болон хууль зүйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн гарааны бизнесийг дэмжих, зөвлөгөө өгөх юм. Шинээр төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан байгууллага, залуучуудад үлгэр дууриалал болохуйц уран сайхны бүтээл туурвисан уран бүтээлчдийг төрөөс дэмжихээр болжээ.
Монгол Улс залуучуудын хөгжлийн индексээрээ дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна.
7. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль
2017.05.12-нд батлагдсан.
2017.07.01-нд хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хууль нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, нялх, балчир хүүхдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чиглэжээ. Хуулиар эх нь нас барсан эсхүл эрүүл мэдийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй, эхийн сүүний нөөцийн банк нөөцгүй тохиолдолд л хүүхдийг сүүн тэжээллээр хооллоно гэж заажээ. Мөн хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд органимзмаас гаралтай түүхий эд ашиглахыг хориглож, зургаан сартайгаас гурав хүртэлх насны хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний найрлагад зөгийн ба болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно гэж хуульчилжээ.
Нялх хүүхэд эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ 6 сартайгаас эхлэн олон төрлийн хоол идэх ёстой юм.
8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
2017.06.09-нд батлагдсан.
Уг тогтоолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах, тэдэнд дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад хүүхдийн тооноос хамааран туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх, цалин, урамшууллыг жил бүрийн төсөвт тусгах зэрэг шинэлэг зохицуулалт тусгажээ.
Монгол Улсад 101.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.
9. Хөдөлмөрийн тухай хууль
2017.04.21-нд батлагдсан.
2017.04.21-нд хэрэгжиж эхэлсэн.
Хуульд туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлах үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа”, “Цагийн ажил” гэсэн шинэ зүйл нэмжээ. Мөн хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацаа гэж заагаагүй бол туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэсэн шинэлэг зохицуулалт оруулжээ.