Л.Болд:Бид нээлттэй, тогтвортой орчин бүрдүүлэх ёстой
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
- Таныг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед ийм экспо зохион байгуулах яриа хэлэлцээр хийгдэж, өдгөө амжилттай хэрэгжиж байгааа. Одоо хоёр дахь удаагаа зохиогдож байгаа экспод оролцож байгаагийн хувьд өмнөх экспотой харьцуулахад ямар үр дүн гарч байгаа гэж та хэлэх вэ?
-Энэ экспог зохион байгуулснаас хойш олон аж ахуйн нэгжүүд энэ арга хэмжээнд оролцох, бараа бүтээгдэхүүнээ зарах, борлуулах идэвх, сонирхол улам нэмэгдэж байна. Мэдээж эхний экспо бол эхний гараа эхлэл байсан. Харин хоёр дахь удаагийн экспогоор бодитой том төслүүдэд хамтран, хамтын ажиллагаа урагшлуулах томоохон төсөл, алсыг харсан шийдэлд хүрэх яриа хэлэлцээрийг өрнүүлж, томоохон дэвшилттэй болж байгаа нь харагдаж байгаа.
-Хоёр улсын бизнесийн хөгжлийг түргэтгэхэд чөлөөт бүс байгуулах нь чухал талаар экспогийн үеэр болсон форумын үеэр асуудал хөндөгдөж байсан. Монгол Улсын хувьд чөлөөт бус байгуулах тухай олон жил яригдаж байгаа. Одоо харин ямар шатанд ажил явагдаж байна вэ, чөлөөт бүсийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Тийм ээ. Чөлөөт бүс байгуулах талаар олон жил яригдаж байна. Чөлөөт бүс байгуулахын тулд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох нь чухал. Өнөөдөр Монгол Улсын хувьд Сингапур, Гонконг гэх мэт өнөөдөр дэвшингүй хөгжилтэй байгаа чөлөөт бүсүүдийн жишгээр бүс байгуулах бололцоо бий. Энэ талаар бид олон жил судалгаа хийж, одоо хуулийн төслөө өргөн барихаар ажиллаж байгаа. Ингэснээрээ Монгол Улс зөвхөн байгалийн баялгаа олборлон бусдад нийлүүлэх бус санхүүгийн том татах хүч, санхүүгийн хөрөнгийг төвлөрүүлэгч болох бололцоотой. Энэ талаар бид цаашдаа ч ажиллах ёстой, хууль эрх зүйн тодорхой шийдлүүдийг гаргах ёстой.
Монгол Улс байгалийн асар их баялагтай, газар зүйн хувьд онцгой нөхцөлтэй улс орон. Тийм учраас бид Зүүн хойд Ази, Төв Ази, Гонконгоор дамжуулан Зүүн өмнөд Азийн бүс нутагт асар том эдийн засгийн гарцыг бий болгон ажиллах ёстой. Бидэнд Хятадын нэг хэсэг болсон Өвөр Монгол болон Гонконгтой харилцан амжилттай ажиллах асар их нөөц бололцоо бий. Энэ чиглэлээр илүү нарийвчлан ярилцаж, үр ашгийг нь гаргах чиглэлээр өнөөдөр яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна.
-Ойрын үед хийгдэх хөрөнгө оруулалтын ямар ажлууд байгаа вэ?
БНХАУ-тай тодорхой яриа хэлэлцээрийн хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлсэн байгаа. Ялангуяа Монгол Улс Ази-Европ, Хятад-Оросыг холбосон хамгийн том эдийн засгийн коридорын томоохон төслийг боловсруулж гаргаад байна. Үүнд Монгол Улстай холбоотой олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай 32 төсөл байгаа. Энэ бүхэн бол Монгол Улсын хөгжлийг өндөр төвшинд гаргах маш том боломж бүхий төслүүд юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
-Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор хэмээх томоохон хөтөлбөр яригдаж байна. Энэ төслүүд хэзээнээс хэрэгжиж эхлэх бол? Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу шаардлагатай вэ?
-Бид өөрсдийнхөө хувьд хөрөнгө оруулалтын ээлтэй, тогтвортой, нээлттэй орчныг бүрдүүлэх даалгаврыг биелүүлэх ёстой. Мөн шаардлагатай байгаа эрх зүй, хөрөнгө оруулалтын нөхцлүүдийг Засгийн газар, УИХ-ын зүгээс бүрдүүлж өгөх ёстой. Ингэж чадвал ажил эхлэхэд ямар ч саад тотгор байхгүй. Энэ талаар өнөөдөр хөрөнгө оруулагчид бодитой, хариултыг өнөөдөр сонслоо. Тийм учраас ямар нэгэн саад тотгоргүйгээр ажлаа эхлэх боломжтой болсон гэдэгт итгэлтэй байгаа.
-Монгол-Хятад-Орос гурван орон мөнхийн хөршүүд. Худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа бол тасралтгүй явагдаж байгаа. Гэхдээ энэ гурван орны харилцаа, хамтын ажиллагааны хувьд хамгийн чухалчилж үзэх асуудал нь юу гэж та бодож байна вэ?
-Монгол-Хятад-Орос гурван орны хувьд эртний бизнес хамтын ажиллагааны түүхтэй. Гэхдээ Монгол-Хятадын юм уу, Монгол-Оросын, Орос-Хятадын гэх мэт хамтын ажиллагааны шууд чиглэлүүд голчилж байснаас бус Монгол-Орос-Хятадын гэх гурвалсан, эн тэнцүү хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх хөгжлийн асуудал дутмаг байсан. Харин одоо эн тэнцүү гурвалсан харилцааг бодитоор нь хэрэгжүүлэх боломжтой боллоо. Тийм учраас Монголын Засгийн газар, УИХ, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд маш онцгой анхаарч, энэ интеграцчиллыг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилго болгож ажиллах нь чухал.