Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөнө
2017.09.28

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.27/ болж,хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

 Уг зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох үндсэн чиглэлийг баримталжээ.