“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” 10 сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа.
Нийслэлийн удирдлагууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалсан уриалгыг “Зочин” уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардуулан өглөө.
Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлэх бөгөөд 10 сарын 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд зохион байгуулагдана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.