Д.Тэрбишдагва: Банкууд нэг эзэнтэй болсон
2017.11.01

Д.Тэрбишдагва: Банкууд нэг эзэнтэй болсон

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлогын талаар ярилцлаа.

-УИХ-д Төв банк ирэх оны Мөнгөний бодлогыг өргөн мэдүүлснээс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Хэлэлцүүлэг хийсэнгүй. Юунаас болоод саатав?

-Эдийн засгийн байнгын хороогоор Мөнгөний бодлогыг хэлэлцүүлэх үед Ардчилсан намын бүлэг “2018 оны төсвийг Засгийн газар татан авсан учраас Мөнгөний бодлогын хэлэлцүүлгийг хойшлуулъя” гэсэн санал гаргаад завсарлага авсан. Завсарлагыг зөв гэж үзэхгүй байгаа.

Мөнгөний бодлого, Төсвийн хуультай уялдах ёстой гэсэн зарчим зөв ч, УИХ-д Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг өргөн барихад Мөнгөний бодлогыг том зургаар нь өөрчлөх зүйл гарахгүй болов уу. Цоо шинэ тоо орж ирнэ гэж бодохгүй байна. Зарим нэг өөрчлөлт хийсэн байлаа гэхэд ажлын хэсгийн төвшинд “Ийм зүйлийг нь засъя, энийг нь хасъя” гэдэг шийдлээ гаргаад, Мөнгөний бодлогыг төсөвтэй уях бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь, сөрөг хүчний зүгээс төрийн ажлыг жижиг шалтгаанаар хойшлуулснаар ажлын хэсгээ ч байгуулж чадсангүй, төсвөө ч боловсруулж чадсангүй 15 хоног алдлаа.

-Арваннэгдүгээр сарын 15-аас урьтаж, Мөнгөний бодлогыг батлах ёстой. Гэтэл ажлын хэсэг ч байгуулж амжаагүй байдаг. Хугацаандаа багтааж, батлуулж чадах уу?

-Байнгын хорооны даргын хувьд Мөнгөний бодлогыг боловсруулах ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулах чиглэл өгсөн. Албан ёсны шийдвэр гараагүй учраас бүх зүйлд хаалт тавьчихаад байна. Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа л амралтгүй  ажиллах шаардлага тулгарлаа.

Уг нь хов ярьж, хор найруулж 15 хоног алдахын оронд төсөл дээрээ ажиллацгаасан бол хэчнээн хэрэгтэй байх билээ.

-Ирэх жил хэрэгжүүлэх Мөнгөний бодлого энэ жилийнхээс өөрчлөгдөх үү? 

-УИХ-аас өнгөрсөн жил 2017 оны мөнгөний бодлогыг баталж байхад улсын эдийн засаг, төсөв, санхүү маш хүнд байлаа. Мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн хүндрэлийг яавал хохирол багатайгаар гэтлэх вэ, тэнцвэрт байдлаа алдсан макро эдийн засгийг яаж богино хугацаанд тогтворжуулах вэ, хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт л төвлөрсөн. Товчоор хэлбэл, 2017 онд эрс хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байлаа.

Энэ онд эдийн засагт эерэг хандлага гарч эхэлсэн учраас ирэх онд нааштай үр дүнг нь бэхжүүлэх, банк, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сахин хамгаалах гэсэн үндсэн 2 зорилтыг хэрэгжүүлэхэд Мөнгөний бодлого чиглэж байна.

-Ирэх онд инфляцыг 8 хувьд барих зорилт тавьсан нь энэ оныхоо түвшинг дахиад хадгалах болж байх шиг. Инфляцыг дахин бууруулах боломжтой юу?

-Өмнөх жилүүдэд төв банк инфляцыг нэг оронтой тоонд барина гэж ерөнхий амлалт өгдөг байсан. Энэ нь 9 юм уу, 7 юм уу, тодорхойгүй. Харин ирэх жил инфляцыг 8 хувьд тогтворжуулах зорилт тавьсан нь зоригтой зорилт гэж харж байгаа. Эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор дээрх амлалт өгсөн болов уу.

Ер нь аль ч улсын төв банкны үндсэн зорилт инфляцыг тогтвортой байлгахад чиглэдэг.

Монголбанк зорилгоо зөв тодорхойлсон ч 8 хувьдаа тогтвортой барьж чадахгүй,  алдах вий гэдэг болгоомжлол байна.
-Яагаад?

-Ирэх жилийн инфляцад нөлөөлж болзошгүй шалтгаанууд бий. Нэгдүгээрт, гурилын үнэ өсөж болзошгүй. Зуншлага тааруу байснаас ургац алдаж, улаан буудай, гурил импортоор авахаас аргагүй болсон. Одоогоор хэдий хэмжээний буудай, гурил импортлох, ямар үнээр оруулж ирэх талаар мэдээлэл алга. Энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай.

Хоёрдугаарт, жил бүрийн хавар махны үнэ өсдөгөөс инфляцыг хөөрөгддөг. Хатуу өвөл болбол махны үнэ тэнгэрт хадах аюул бий.

Инфляц тогтворгүй болж, тавьсан зорилтоос давбал төгрөгийг үнэгүйдүүлж, орлого багатай иргэдийн худалдан авах чадварыг унагадаг.

Төв банк Засгийн газартай маш сайн хамтарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлэх макро эдийн засгийн бодлогоос хамаарч өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой барьж чадах уу, ажилгүйдлийн төвшинг бууруулж чадах уу гээд харилцан хамааралтай асуудлуудаас инфляцыг тогтвортой барьж чадах эсэх мөн хамаарна.

Анхаарах бас нэг асуудал нь эдийн засгийн өсөлтийн тооцоолол юм. Төв банк Монгол Улсын эдийн засаг ирэх онд 7.1 хувиар өснө гэж прогноз гаргасан. Эдийн засаг 7.1 хувиар өсвөл сайн хэрэг.  Гэтэл Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд 4 хувь, Дэлхийн банк 3 хувийн өсөлт гарна гэсэн тооцооллыг гаргаснаас зөрүүтэй байгаа юм. Долоо хэмжиж, нэг огтол гэж үг бий, Төв банкны тооцоолол хэр бодитой вэ гэдгийг дахин нягтлах ёстой болж байна.  

-Ирэх онд валютын ханшийг тогтвортой байлгаж чадах уу. Ямар бодлого хэрэгжүүлэхээр Мөнгөний бодлогод “суулгасан” байна вэ?

-Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн жил 2017 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад валютын ханшийг тогтворжуулах ёстой гэсэн чиглэлийг Төв банканд өгсөн юм.  

Монголбанк “bloomberg”-ын программ хангамжийн сүлжээнд орж, валютын бирж дээр ажиллаж эхэлсэн. Энэ бол дэвшил, чухал эхлэл гэж бодож байна. Цаашдаа валютын биржид үндэсний том компаниуд болох “Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг компаниуд орох ёстой.

Ханшийг тогтворжуулах хүрээнд зарим ажлыг Засгийн газар санаачлаад хийвэл болохгүй зүйлгүй.

УИХ өнгөрсөн жил Оюутолгойг валютын орлогоо Монголын арилжааны банкаар дамжуулах ёстой гэсэн тогтоол баталж байсан ч, буцааж хүчингүй болгосон.

“Оюутолгой”-н валютын орлогыг арилжааны банкаар дамжуулах санаачилга гаргаж, УИХ-аар тогтоол батлуулсан болон  уг тогтоолыг эсэргүүцэж буцаалгасан нөхдүүд Засгийн газрын гишүүд болсон. Одоо тэд ОУВС-д асуудлаа ойлгуулаад Оюутолгойн валютын орлогыг Монголын арилжааны банкаар дамжуулдаг болох сувгийг нээх ёстой. Тэр цагт валютын ханшийг тогтворжуулах бодлогод тодорхой дэвшил гарна гэж найдаж байна. 

-Монголын арилжааны банкууд эрсдэл өндөртэй, олон улсын түвшинд тавигддаг шаардлага хангадаггүй нь “Оюутолгой” компани орлогоо гадаадын банкаар дамжуулахаас аргагүй болгодог юм биш үү?

-Хийх хүн арга олдог, хийхгүй гэсэн нь шалтаг тоочдог гэж үг бий.

Монголын арилжааны банкууд олон улсын төвшинд ажиллаж чадахгүй байгаа бол “bloomberg”-ээр яагаад дамжуулж болдоггүй юм.

Мөн хоёр талаасаа гэрээ хэлэлцээр хийгээд Монгол Улсын төв банкаар валютын орлогыг дамжуулах бүрэн боломжтой гэж бодож байна. Дургүйд хүчгүй гэдэг шиг шалтаг тоочоод сууж таарахгүй. Төрийн төв банк дампуурна гэж байхгүй шүү дээ.

Нөгөө талаас валютын ханшийг тогтворжуулахад Төв банкин дахь валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөөцийг мөн зөв менежментээр удирдах нь маш чухал.

2012 онд Төв банкны нөөц дөрвөн тэрбум ам.доллар байсан. Чингис бонд орж ирсний дараа 2013 онд 5.5 тэрбум ам.доллар болж өссөн. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа валютын нөөц 1 тэрбум ам.доллар болж огцом буурсан. Гуравхан жилийн дотор 4.5 тэрбум ам.долларыг “гөвсөн” байгаа юм. Энэ бол маш хариуцлагагүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй зүйл юм.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төв банкны валютын нөөц 600 сая ам.доллараар нэмэгдэж, 1.6 тэрбум болсон. Зөв менежмент хийж, хариуцлагатай ажиллаж чадвал ихээхэн боломж байна. Буруу менежмент хийвэл 5.5 тэрбум ам.долларын нөөц 1 тэрбум болтлоо хорогддог муу жишээ бас байгааг мартаж болохгүй.

-Валютын нөөцийг нэмэх суваг нь тансаг хэрэглээнд тавих импортын татварыг нэмэх бодлого гэж эдийн засагчид хэлдэг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тийм ээ, тансаг хэрэглээнд тавих татварыг нэмэх ёстой.  Гадаадын хэрэглээг эсэргүүцдэг хүний нэг би биш.  Дэлхийн брэндийг хэрэглэх нь ч бас монголчуудын буруу биш.

Хамгийн гол нь хэрэглээндээ нийцсэн татварыг төлдөг болох цаг нь ирсэн.

Бидний амьдралд л байгаа жишээ. Зарим маань 500 сая, нэг тэрбумын үнэтэй машин унаж байна. Монголд үнэтэй машин явж байгаа нь сайн хэрэг ч татвар нь өндөр л тавигдсан байх учиртай.  

Япон, Хятад зэрэг орон импортоор орж ирж байгаа тансаг хэрэглээнд асар өндөр татвар ногдуулдаг. Одоо Засгийн газар татварын бодлого дээр реформ хийх ёстой гэж бодож байна.

-Ханшийн бодлогод шинээр анхаарах асуудал байгаа юу?

-Хөрөнгө оруулалтаар дамжуулж валютын ханшийг тогтвортой барих бололцоо бий. Тийм учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ёстой, дэмжих ёстой. Тэгэхдээ хөрөнгө оруулагчийг Оюутолгой шиг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж болохгүй.  Өөрөөр хэлбэл, Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчид Ази, Африк, Латин Америкийн орнуудын байгалийн баялгийг нь боловсруулалгүй түүхийгээр нь ачиж,  газар нутгийг бохирдуулж, байгаль орчныг нь сөнөөсөн шиг бодлогыг хэрэгжүүлж таарахгүй.

Хөрөнгө оруулагч  бол хоёр талын эрх ашгийг хүндэтгэн, хамтын ашигтай ажиллагаатай, татвараа төлдөг, олж байгаа орлого нь манай банк санхүүгийн байгууллагаар дамждаг байх нь зөв юм.

Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, зөв бодлого бариад тууштай ажиллавал гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжиж Монголд дэлхийд нэр хүндтэй компани орж ирснээр шинэ технологи нэвтэрч, монголчууд суралцана. Нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргаснаар Монголд ажлын байр олноор бий болно. Энэний төлөө шинэ танхимын гишүүд ёстой чөмгөө дундартал ажилламаар байна даа.

Ер нь Монголд байгалийн баялгаар хязгаарлахгүй алт болгож, валют олох бүтээгдэхүүн олон бий. Жишээ нь ноолуур.

Дэлхий дахинд долоон миллиард хүн амьдардаг, гуравхан сая нь Монгол. Дэлхийн түүхий ноолуурын  40 орчим хувь нь Монголоос гардаг. Өөрөөр хэлбэл, ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргаж, долоон тэрбум хүний нэг хувийнх нь хэрэгцээг хангая гэж тооцоход 70 сая хүний цамц үйлдвэрлэх зах зээл байна. Гол нь бодлого дутаад байна.

Хэрэв дэлхийг ноолууран бүтээгдэхүүнээр хангадаг болчих юм бол түүхий эдийг нь нийлүүлдэг малчид орлоготой болно. Хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонирхож орж ирнэ. Хөрөнгө оруулагчийг дагаад шинэ техник, технологи, ноу хау нэвтэрнэ. Газар сайгүй ажлын байр бий болно. Ажлын байр бий болохоор ядуурал буурна. Ядуурал буурахаар төсвөөс халамжид зарцуулах зардал мөн буурна.

Нөгөө талаас компаниудын татварт төлөх орлого сайжирна. Төсвийн орлого сайжирхаар эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх бололцоо нь бүрдэнэ. Багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэр  ч бий болно.

“Ажилсаг Монгол” хөтөлбөр гэж сонссон уу, уг хөтөлбөрийг би боловсруулж байгаа. Энэ хөтөлбөр төрийн бодлоготой хосолсон цагт мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчин бэлтгэгдэх юм. Төр бодлогоо зөв тодорхойлоод ажил хэрэг болгоод эхэлбэл ажилгүйдэл, ядууралтай тэмцэх бүрэн боломж байна.

-Хадгаламжийн хүүг бууруулахгүйгээр зээлийн хүүг бууруулах боломжгүй тухай ярих боллоо. Энэ асуудал Мөнгөний бодлогод туссан уу?

-Монголбанк захиргааны аргаар хадгаламжийн хүүг бууруулж болохгүй гэдэг. Мөнгөний бодлого тодорхойлдог байгууллагын хувьд ийм тайлбар хийх нь зүйн хэрэг ч арилжааны банкуудтай ширээний ард сууж, хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг ярилцаж, шийдэл гаргах боломжтой.

Хадгаламжийн хүүг бууруулахгүйгээр зээлийн хүүг бууруул гэдэг шахалтыг арилжааны банканд тавих ямар ч аргагүй.

Монголд өнөөдөр хадгаламжийн хүү жилийнх нь 15 хувь бол долларын хадгаламжийн хүү 6 хувь байна. Ийм өндөр хүүгээр хадгаламж татдаг учраас түүнээсээ өндөр хүүтэй зээл олгохоос аргагүй болдог. Арилжааны зээлийн хүү жилийнх нь 20 гаруй хувьтай байгаа нь хадгаламжийн хүүтэй л холбоотой юм.

Гэтэл  жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж бизнес эрхлэхээр хүүнд нь шатаад дампуурдаг.  Чанаргүй зээлийн хэмжээ өсөж байгаагийн нэг шалтгаан энэ юм.

-Тэрбумын хадгаламжтай УИХ, Засгийн газрын гишүүд хадгаламжийн хүүг бууруулах сонирхолгүй байх болов уу. Хүүнийх нь ашгаар улс төр, бизнесийг худалдаж аваад сууж байх нь ашигтай тусах биз. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд дотор тэрбумын хадгаламжтай  хэд, хэдэн гишүүн байна лээ?

-Монголд өнөөдөр 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 200 –300 хүн байдаг. Дан ганц улс төр гэхгүй бусад салбарт ч ажилладаг л байх.  Мэдээж хадгаламжийн хүүг бууруулах нь том хадгаламжтай иргэдийн хувьд сайн мэдээ биш. Өндөр хадгаламжтай байгаа нь ч тэдний буруу бас биш. Гол нь хадгаламжийн хүү өндөр байгаа нь эдийн засаг, нийгмээ бүхэлд нь боомилж байгаа учраас хүүг нь бууруулах шаардлагатай тулсан гэдгийг хаа, хаанаа ойлгох ёстой.

-Хадгаламжийн хүүг бууруулахаар том хадгаламжтай нь мөнгөө татаад цейфэндээ хийдэг болов уу яадаг бол. Энэ тохиолдолд өндөр хүүтэй зээл ч олдохгүй болох эрсдэлтэй?

-Герман, Япон зэрэг оронд хадгаламж нь хүүгүй шахам байдаг. Хадгаламж нь хүүгүй шахам байхаар зээлийн хүү нь бага. Тийм учраас иргэд нь хувьцаа худалдаж авах нь илүү ашигтай тусдаг. Компанийн хувьцаа худалдаж авахаар компани нь паблик болж томорно. Томорсон компани ажлын байраа нэмнэ. Бизнес эрхлэгчээ банк нь ч хүү багатай зээл олгож дэмждэг, иргэд нь ч хувьцааг нь худалдан авч дэмжлэг үзүүлдэг байгаа.

Монголын банкны салбар ийм болбол компанид томорно. Монголчууд л ажилтай болно. Хүн ажилтай байх тусмаа нийгмийн халамж авахгүй болно. Тийм учраас хадгаламжийн хүүг бууруулахын төлөө ажиллах нь хамгийн чухал байгаа юм.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар банкуудад үнэлгээ хийж байна. Үнэлгээний дүн гарахаар банкууд нэгдэх, татан буугдах зэрэг үйл ажиллагаанд орохыг үгүйсгэх аргагүй. Мөнгөний бодлогод энэ асуудал хэрхэн туссан бол?

-Одоо арилжааны банкуудын активт хөндлөнгийн үнэлгээ хийх ажил ид явагдаж байна. Энэ үнэлгээнд үндэслэн банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага бий. Бүтцийн өөрчлөлтийн хамгийн гол ач холбогдол нь банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, товчоор хэлбэл “эрүүлжүүлэх” замаар банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахад чиглэгддэгийг хаа хаанаа ойлгох нь зөв юм.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд авбал зохих нэг томоохон арга хэмжээ бол арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, дахин санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудал байгаа. Тодорхой асуудлууд ч хөндөгдөж байна. Хамгийн гол нь сайн туршлагыг судлан ашиглах ёстой.

-Та илүү тодорхой зүйл ярьж болох уу. Жишээ нь өнөөдөр арилжааны банкуудын чадавхи ямар байна вэ?

-Чадавхиас дутахгүй авч үзэх ёстой зүйл нь арилжааны банк жинхэнэ утгаараа ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал юм. Ихэнх арилжааны банк нэг эзэнтэй. Мэргэжлийн банкир хүн удирддаггүй. Эзэн нь банкир биш учраас жинхэнэ утгаар нь ажиллуулж чаддаггүй. Мөн нэг эзний банк нь эзний компани, найз нөхөд, хамаатан саданд үйлчилдэг болсон.

Ийм банкинд жинхэнэ утгаараа ажилладаг болох шалгуур тавих ёстой болж байна.

-Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөн эрүүлжүүлж авахын тулд тодорхой хөрөнгө гаргах шаардлагатай болохыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд төр эх үүсвэрийг шийдэх үү. Яах вэ?

-Банк хямарвал эдийн засаг хямрах эрсдэлтэй. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой. Дэлхийн улс орнуудын туршлагыг судлахаар Германд жишээ нь 2009 онд банкуудаа эрүүлжүүлэх зорилгоор төрөөс нь 400 тэрбум ам.доллар гаргаад дэмжсэн. Эрүүлжсэн банк нь авсан зээлээ хүүтэй нь буцаагаад төлсөн. Зээлээ төлж чадахгүй нь томоохон компаниудад хувьцаагаа зарсан байдаг.

Энэ бол боломжийн хувилбар харагдаад байгаа.

Ер нь манайд банкны салбар хямрах бүрийд хадгаламж эзэмшигчээ хамгаалахын тулд төр хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай болдог. Зарим  талаараа банк угжны хурга шиг л байгаа. Энд зохицуулалт хийх ёстой гэж бодож байна.

Г.ДАРЬ