2017.11.02
Л.Энхболд: Эсрэг саналтай бол орж ирээд кнопоо дар л даа
“32-ын бүлэг”- ийнхэн юу зориод байгааг ойлгохгүй байна
2018 оны улсын нэгдсэн төсөв болон улс төрийн хүрээнд үүсээд буй зарим нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-Өнөөдөр танай намын бүлэг ээлжит бусаар хуралдсан байна. Ямар асуудлыг хэлэлцсэн юм бэ?
-Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байгаа. Тухайлбал олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр өгөх 300 мянган төгрөг, гишүүдийн гэж нэрлээд буй ЖДҮ-ийн сан дээр суусан 72.5 тэрбум төгрөгтэй холбоотой зүйлүүд дээр бүлгийн гишүүд саналаа хэлсэн. Мөн төсвөөс зарим нэг бүтээн байгуулалтын зураг төслийн зардал хасагдсан байсныг эргэж харахаар боллоо.
-ЖДҮ-ийн сан дээр суулгасан 72.5 тэрбум төгрөг ямар учиртай юм бэ. Гишүүд тэр мөнгийг захиран зарцуулах эрхтэй юм уу?
Үнэндээ бол манай намын мөрийн хөтөлбөрт суусан “21х100” буюу ЖДҮ-ийг бүх аймагт байгуулах зардал юм. Өмнө нь гишүүд өөрсдөө захиран зарцуулах эрхтэй мөнгийг төсөвт суулгадаг байсан юм билээ. Тэр утгаараа Сангийн яамнаас задаргаа гараад ирэхээр ард нь гишүүн гээд тавьчихдаг юм байна. Түүнээс болж л нийгэмд буруу ойлголт өгсөн. УИХ 76 гишүүнтэй. Тэр мөнгө үнэхээр гишүүдийн мөнгө байсан бол 76 тэрбум төгрөг байх ёстой биз дээ.
-Задаргаан дээрээ гишүүнд гээд биччихсэн байгаа бол захиран зарцуулах эрх нь та нарт л байгаа юм биш үү?
-Үгүй. Тухайн аймаг, орон нутгаас ирсэн төслүүдээс сонгон шалгаруулж санхүүжилт олгоно. Яагаад гишүүдэд гэж ойлгоод байна гэхээр аймгуудад байгуулах үйлдвэрийн төсөл учир тухайн тойргоос сонгогдсон гишүүд “32-ын бүлэг”- ийнхэн юу зориод байгааг ойлгохгүй байна холбож, гүүр хийж өгөх асуудал л байгаа юм билээ. Түүнээс биш гишүүд тэр мөнгийг аваад үйлдвэр байгуулна гэсэн үг биш.
-Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр олгох 300 мянган төгрөгийн талаар бүлгийн хурал дээр ямар нэгэн шийдвэр дахиж гарсан юм уу?
-Энэ талаар зарим яамдад үүрэг өгсөн. Сангийн яам болон БСШУСЯ, НХХЯ-нд үүрэг өгөөд, энэ талаар эргэж хараач ээ гэсэн чиглэл өгсөн. Эдгээр яамнаас хариу ирвэл нэгдсэн байр суурьтай болно.
Төсөв ид хэлэлцэх үеэр Сангийн сайдаар оролдоод суух цаг биш
-Ирэх оны төсвийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Гэтэл энэ сарын 15 гэхэд төсвийг баталсан байх ёстой. Яагаад ийм олон хоногийн завсарлага авч байгаа юм бэ?
-Өчигдөр манай бүлгийн дарга төсвийн төслөөс тав хоногийн завсарлага авсан. Гэхдээ завсарлага ийм удаан үргэлжлэхгүй байх. Өнөө маргаашаас Байнгын хороо, нэгдсэн чуулганаар төсвийг хэлэлцэх болов уу. Хэрэв завсарлага тав хоног үргэлжилбэл төсвөө баталж амжихгүй байдал руу ч орж магадгүй.
Энэ тохиолдолд олон асуудал үүснэ. Бүр парламентыг тараах саналыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж болзошгүй нөхцөл байдал руу орно.
Тиймээс амжихын тулд бүлэг дээр нэгдсэн байр сууринд хүрэх ёстой. Тэр утгаараа манай намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Нэгдсэн байр сууринд хүрсэн гэж ойлгож байгаа. Мөн Төсвийн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийн асуудлыг ярих ёстой. Тэгсний дараа төсвөө маш хурдтай хэлэлцээд явж болно.
-Гэхдээ өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдах гээд цаг гаруй хүлээсэн боловч ирц хүрсэнгүй. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан. Эндээс харахад танай намын бүлэг нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа юм биш үү?
-Нуулгүй хэлэхэд тийм асуудал байна. Төсвийн байнгын хороо хурлаа хийж чадахгүй гурван ч удаа хойшиллоо. Энэ бол цэвэр гишүүдийн ёс зүйн асуудал.
Гишүүд ажлаа хийхгүй, энэ тэнд очиж гацаа үүсгэдэг, ёс зүйгүй байдлаар цаашид явсаар байх юм бол энэ УИХ тарвал таарна.
Улсын эдийн засаг хүнд, ард түмний амьдрал тааруу байгаа энэ үед төсвөө хэлэлцэхгүй шантаажилсан байдлаар хандаж болохгүй. УИХ-ын дарга хурлаа хийх талаар шийдвэртэй алхам хийх эсвэл энэ парламент тарах хэрэгтэй.
-МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, албан бус хоёр статус ажиллаж байгаа нь нууц биш. Яг аль бүлэг нь асуудлыг хойш чангаагаад, гацаа үүсгээд байгаа юм бэ?
-Тодорхой харагдаж байна шүү дээ. 33:32-ийн бүлэг гээд яриад байгаа. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа бүлгийн гишүүдтэй уулзаад “Би одоо зөвхөн 65-ын бүлэгтэй асуудлаа ярина. Цаашид 33 болон 32-ын бүлэг гэж байх ёсгүй” гэж хэлсэн.
Тэр цагаас хойш 33-ын бүлэг гэгдээд буй өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан 33 гишүүн нэг ч удаа эргэж цуглаагүй. Магадгүй тав арваараа суугаад юм ярьсныг үгүйсгэхгүй. Харин нөгөө нөхдүүд буюу 32- ын бүлэгт хамаараад буй гишүүд Төсвийн байнгын хорооны хуралдаанд орж ирэхгүй байна.
-Тэгэхээр 32-ын бүлэгт хамаарах гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж үзээд байна уу?
-Яг тийм байр суурийг илэрхийлээгүй. Харин яагаад Төсвийн байнгын хорооны хуралдааныг гацаагаад байгааг сайн ойлгохгүй байна.
-Гэхдээ өглөө бүлгийн хуралдаан дээр энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлсэн биз дээ?
-Хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг бүлэг 100 хувийн саналаар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тэр зарчмаа хатуу баримтална. Төсөв ид хэлэлцэх үеэр Сангийн сайдаар оролдоод суух цаг биш. Тиймээс аливаа шийдвэрийн бурууд нь хатуу зөвд зөөлөн хандаад явах нь зөв. Гэвч ийм эгзэгтэй үед нөгөө нөхдүүд их ойлгомжгүй байдал үүсгэж байна л даа.
-Тэгэхээр бүлгийн удирдлага зарчмаа барихгүй байна гэж хэлэх гээд байна уу?
-Ер нь хариуцлага гэж байх ёстой. Парламент гэдэг бүхэл бүтэн институци. Түүнийг удирдаж байгаа хүмүүс удирдан зохион байгуулалтаа хийж, бүлгээ зангидах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол бүлгийн дарга, УИХ-ын даргын асуудлыг ярихыг үгүйсгэхгүй. Нийгэмд ингэж хүндрэл үүсгэж болохгүй.
-Өмнөх Засгийн газрыг огцруулсан болохоор 32-ын бүлгийн гишүүд У.Хүрэлсүхийн танхимд шахалт үзүүлээд байна уу гэж харагдаад байна. Харин тэр шалтгийг нь Ерөнхийлөгчийн хориг гаргаад өгчихөв үү дээ...
-Яах гээд байгаа нь үнэхээр тодорхойгүй байна. Тэдний зүгээс ямар нэгэн болзол тавиагүй. Гэсэн атлаа Байнгын хорооны хуралдаанд орж ирэхгүй байгаа юм. Үнэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авмаар байгаа бол тэрийгээ Байнгын хорооны хуралдаан дээрээ илэрхийлээд, кнопоо дар л даа. Тэгж байж эцсийн шийдвэрийг нэгдсэн чуулганаар гаргана. Гэтэл тэдний зорилго юу руу хандаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
-Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр та хувь гишүүний зүгээс та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би бол дэмжихгүй. Ерөнхийлөгч гэдэг мөн л төрийн том институци. Гэтэл хориг тавьсан бичиг баримтаа боловсруулахдаа ч зөв хандаагүй. 30 айл гэж хэнийг хэлээд байгаа юм. Энэ бичгээрээ хэнд хандаад байгаа нь ч тодорхойгүй.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэрхүү 30 өрхийг олон нийт өөрсдөө ол гэж ярилцлага өгөхдөө хэлсэн байсан...
-Өөрсдөө бүдэг бадаг юм бичээд, түүнийг нь бид тодруулах гээд явж байх ёстой биш шүү дээ. Үнэхээр асуудал ярих гэж байгаа бол ажил хэрэгч байдлаар товч бөгөөд тодорхой ярих хэрэгтэй.
-Бүлгийн хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар суусан уу?
-Суусан.
-Өөртэй нь холбоотой асуудалд ямар байр суурь илэрхийлсэн юм бол?
-Энэ талаар юм хэлээгүй. Гишүүдийн асуултад хариулсан. Гэхдээ тэр бол төсөвтэй холбоотой.