Д.Очирбат: 6,239 иргэн С вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаад байна
Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн “Элэг бүтэн монгол” хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж 40-65 насны иргэдийг элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа. Тэгвэл энэхүү ажлын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодрууллаа.
-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 40-65 насны хэчнээн иргэн шинжилгээнд хамрагдсан бэ. Улсын хэмжээнд хамрагдалт ямар төвшинд байна?
-Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 5-наас “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг элэгний В, С вирустэй эсэхийг тодорхойлж өнөөдрийг хүртэлх хугацаанд гепатитийн вирусийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан.
Нийт 330,883 хүн хамрагдсан нь улсын хэмжээнд хамрагдвал зохих хүн амын 44.1 хувийг эзэлж байна. Үүнээс аймгуудын дундаж 55.2 хувьтай байна. В вирус илрүүлэх шинжилгээг 326,171 даатгуулагч хийлгэж, есөн хувь нь эерэг гарсан. Харин С вирусийн илрүүлэг шинжилгээнд 323,181 даатгуулагч хамрагдсанаас 16.4 хувь нь эерэг үзүүлэлттэй байна.
-В,С вирустэй иргэдэд ямар үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэх вэ?
-40-65 насны иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвд шинжилгээ өгснөөр В, С вирустэй эсэхээ тогтоолгосон. Дараа нь сонгон шалгаруулсан лабораторид С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаараа хамрагдаж, ачааллаа тодорхойлуулсан. С вирусийн идэвхжилийг сонгон шалгаруулалтад тэнцэж эрх авсан төр хувийн хэвшлийн 22 лабораторид эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр бүрэн автомат аппаратаар 120,000 төгрөг, хагас автомат аппаратаар 80,000 тегрөг байхаар тогтоож, тухайн иргэнээс зардал гаргахгүй шинжилгээнд хамруулж байна.
С вирус илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн эсрэг таван нэр төрлийн эмийг хайрцаг тутамд нь 210,000 төгрөг, курс эмчилгээнд 630,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Тус эмийг эмчийн зөвлөгөөний дагуу сонгон эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангаас авах боломжтой.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр таван төрлийн эмийг эмийн жагсаалтад оруулан эм тус бүрээс үнийн 60 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын зардлаар В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг сард 55,000 төгрөг, улиралд 165,000 төгрөгийн хөнгөлөлттэй төрийн өмчийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлэгт хийлгэх боломжтой.
-Элэгний В,С вирус илрээгүй хүмүүсийг хэрхэн хамгаалах вэ. Вакцинд хамруулна гэсэн. Хэзээнээс хамруулж эхлэх вэ?
-В вирусийн халдваргүй гарсан иргэн сайн дураараа гепатитийн В вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэнэ. Нэг хүн тун вакцин нь таван мянган төгрөгийн үнэтэй. Гурван тун хийж гепатитийн В вирусийн халдварын эсрэг дархлаа тогтоно гэсэн үг. Одоогийн байдлаар тавин мянган иргэн дархлаажуулалтад хамрагдсан.
Гэхдээ ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид 40-өөс дээш насны иргэн В вирусийн халдваргүй ч уг вирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх шаардлагагүй гэсэн зөвлөмж өгдөг. Иймд иргэд, ялангуяа 40-өөс дээш насныхан В вирусийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх хэрэгтэй.
-Эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцах заалттай байсан. Өнөөдрийн байдлаар эмийн эмчилгээ болон элэг шилжүүлэн суулгах мэс засалд хэдэн иргэн хамрагдсан вэ?
-Одоогоор 6,329 даатгуулагч С вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан. Долоон иргэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн.
Үүнээс хоёр иргэнд улсын төсвийн зардлаар мэс засал хийсэн. 2017 оны улсын төсөвт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтэд 700 сая төгрөг батлуулсан. Харин 2018 оны төсөвт 2.9 тэрбум төгрөгийг тусгасан байгаа.
-1991 оноос хойш төрсөн залуус элэгний В вирусээс хамгаалах вакцинд хамрагдсан. Энэ насны иргэд элэгний өвчлөлд өртөх магадлал харьцангуй бага гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Манай оронд гепатитийн В вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд оруулснаар хүүхдийг уг халдвараас сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Ялангуяа уг вакциныг нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор хийх нь хамгийн үр дүнтэй байдаг бөгөөд манай улсад уг вакциныг энэ хугацаанд хийж байгаа.
Эцэг эхчүүд элэгний вирусийн халдвараас сэргийлэх талаар тодорхой мэдлэгтэй байх, эрүүл аж төрөх ёсыг сургаж хэвшүүлэх нь уг халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг анхаарах ёстой. Насанд хүрэгчдэд уг вакциныг сайн дурын дархлаажуулалтын хүрээнд хийж байгаа.