2017.11.17

СХД-ийн 30,31-р хороод цахилгааны асуудалгүй болно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Сонгинохайрхан дүүргийн цахилгааны хомсдолтой хэсэгт очиж нөхцөл байдалтай танилцлаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд 2017 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт хийгдсэн дэд өртөө, агаарын шугамын барилга угсралтын ажилтай газар дээр танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 40 хороонд  63 дэд өртөө, 10 кВ-ын 19.5 км агаарын шугам, 10 кВ-ын 9.2 км кабель шугам, 0.4 кВ-ын 114.5 км агаарын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.

Дээрхи ажлын хүрээнд 6 дүүргийн 6,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн боломж бүрдэж айл өрхүүд цахилгаан эрчим хүчтэй болж байна.

Энэ ондоо багтаан Улсын төсвийн 2017 оны тодотголоор Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэнэ.