Шинээр 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаанаар хангах ажлыг эхлүүллээ
2017.11.14

Шинээр 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаанаар хангах ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэл унадаг болон шинэ суурьшлын бүсийн айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Сонгино хайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар  дүүргүүдэд хийж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар тус үйл ажиллагаатай танилцлаа.

2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эдгээр 6 дүүргийн 40 хороонд 63 дэд өртөө байгуулж, 10 кв-ын 19,5 км агаарын шугам, 10кв-ын 9,2 км кабел шугам, 04 кв-ын 114,6 км агаарын шугам ашиглалтад оруулж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 6 дүүргийн 6000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн боломж бүрдээд байгаа юм. СХД-т холбосон дэд өртөөнүүдийг өнөөдөр хүлээн авлаа.

Мөн айл өрхүүдийг цахилгаанд холбохоос гадна энэ ондоо багтааж 68 уурын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох юм.  Энэ ажлын хүрээнд улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны 9, нийт 139 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид  холбоно гэж албаныхан хэллээ. СХД-ийн хувьд 2016 оноос хойш 2500 гаруй айл өрхийг эрчим хүчинд холбожээ. Ирэх онд багтаан тог цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчинд бүрэн холбож дуусахаар төлөвлөжээ.

 СХД-ийн 24-р хорооны 78 айл өрхийн цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 250 кв чадалтай агаарын дэд өртөө, 0,4 кв-ын 1,14 км, 10 кв-ын 0,33 км шугамын угсралтын ажлууд хийгдэж, айл өрхүүд эрчим хүчинд холбогдож байна.

Мөн 26-р хорооны “Баянбулаг”, “Мандал овоо” гудамжны 90 айл өрхийг цахилгаанаа хангах ажлын хүрэнд 250 кв чадалтай агаарын дэд өртөө, 0,4 кв-ын 1,23 км, 10 кв-ын 0,2 км шугамын угсралтын ажлууд хийжээ. Эдгээр айлуудын хувьд олон жил тог цахилгаангүй, айл айлаас хулгайн тог авдаг байсан бол өнөөдөр тог цахилгаантай болсноор цай хоол хийх, зурагт үзэж мэдээ мэдээлэл авахаас эхлээд тохилог сайхан амьдрах боломж бүрдэж байгааг ярьж байлаа.

Эрчим хүчний сайд болон энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд СХД-ийн 7, 24,26-р хороодын дэд өртөөг хүлээж авсны дараа СХД-ийн 30,31-р хорооны цахилгаан тасардаг айл өрхүүдээр орсон юм. Эдгээр хороодын айл өрхүүдийн цахилгааны хүчдэл оройн цагаар 120-150 киловатт хүртэл буурдаг нь хоол цайгаа хийж идэх, гэрэл чийдэн асаахад хүндрэлтэй байдаг талаар иргэд ярьж байлаа. Энэ асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж иргэдийг чирэгдэлгүй болгох талаар албаны хүмүүс хэлж байсан юм.