Д.Сумъяабазар: Суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргана
2017.11.21

Д.Сумъяабазар: Суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргана

Налайхын уурхай нь Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг манай ууган уурхайнуудын нэг.

Уг уурхай хаагдаад 22 жил өнгөрч байна. Энэ хугацаанд эмх замбараагүй олборлолт газар авч хувиараа ашигт малтмал олборлогч иргэд бэртэж, гэмтэх, цаашлаад амь насаа алдах явдал өнөөг хүртэл гарсаар байна. Одоогийн байдлаар нийтдээ 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтжээ.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан  нар өнгөрсөн пүрэв гаригт Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн мэргэжлийн ханалтын газар болон бусад холбогдох албан тушаалтнуудтай шуурхай хуралдсан юм.

Засгийн газрыг тогтоолын дагуу хувиараа ашигт малтмал олборлогчдыг нэгдсэн журманд оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж хариуцлагажуулах үүднээс “Сүмбэр худаг” компани, нөхөрлөл, дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бичил уурхай бүхий 50 гаруй уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Харин зөвшөөрөлгүй буюу хууль бусаар олборлолт явуулдаг 50 орчим уурхай байна гэсэн судалгаа гарчээ.

Эдгээр уурхай нь суурьшлын бүс болон зэвсгийн агуулах руу нэвтэрч олборлолт хийх явдал газар авсан байна. Нэг ам 150-200 метр хүртэл үргэлжилж байгаа гэнэ. Бүр иргэдээс “манай гэрийн дор олборлолт хийж байгаа чимээ гараад байна” гэсэн гомдол  ирэх болжээ.

Үүнээс гадна хууль бус олборлолтоос үүдэж тус дүүргийн байгаль орчин ихээр сүйтгэгджээ. Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээ хийхэд техникийн нөхөн сэргээлтэд нэг тэрбум 135 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд долоон тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна.

Биднийг очиход мөн нэгэн бичил уурхайд нуранги үүсч хоёр хүн амь эрсдэсэн байв. Гал гарч байгаа учир эрлийг үргэлжлүүлэхэд бэрхшээл тулгарч буй талаар холбогдох албаны хүмүүс хурлын үеэр мэдээлэв. Угтаа тус бичил уурхай нь ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн олборлолт хийжээ.

Гэвч хууль бус үйл ажиллагаа явуулдаг уг уурхайд цахилгааны утас тавьсан байсан нь ийнхүү гал гарч аврах ажиллагаа хүндэрэхэд хүрсэн байв. Тиймээс мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, хяналт, шалгалт учир тутагдалтай  байгаа талаар энэ үеэр онцолж байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “2014 онд Улаанбаатар хотод 142 түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон байсан. Үүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалт хийж  95-ыг нь цуцлуулсан.

Үүнээс Налайх дүүрэгт 28-ыг цуцлуулсан байна. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд Налайх дүүрэгт юу тулгамдаж байна вэ гэхээр бодлогын төвшинд алдаа гарсан. Замбараагүй олгосон тусгай зөвшөөрөл газар авсан байна. Энэ нөхөрлөл байгуулсан “Сүмбэр худаг” компани нь ТЭЗҮ байхгүй. Шаардлага хангаагүй ийм компанитай гурвалсан гэрээ байгуулж бичил уурхайг ажиллуулж байна.

Төр мөн хууль тогтоомжийнхоо хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үүрэгтэй. Бид ард иргэдийн амьдрал хэцүү байна. Хууль дүрэм зөрчсөн ч хамаагүй олборлолт хийлгэе, амьдралыг нь дэмжэе гэж ярьж байна. Хүний амь нас юугаар ч хэмжигдэхгүй зүйл. 2016 оноос ослын тоо буурсан. Гэхдээ гарч буй үзүүлэлт хангалттай биш. Учир нь бичил уурхай эрхлэгчид стандартын хүрээнд олборлолт хийх боломжгүй байна.

Тиймээс бид цаашдаа бодлогын төвшинд, хуулийн хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна” гэв. Энэ оны байдлаар Налайх дүүрэгт 111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 75, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Салбарын сайд Д.Сумъяабазар

“Хүний аминаас илүү зүйл гэж байх учиргүй. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Иймд суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргах талаар УУХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана. Налайх дүүрэгт олгогдсон энэ олон лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг цэгцэлж, хариуцлагатай болгохоор төрийн байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Хэрвээ шаардлага тавиад засагдахгүй бол лицензийг нь түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. Шаардлагатай бол хууль журмандаа өөрчлөлт оруулах болно. Налайх дүүрэгт үүсээд байгаа нөхцлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа нь олон удаагийн арга хэмжээний дараа ч мөн батлагдаж байна. Тиймээс Засгийн газраас төсөв хөрөнгө баталж, бичил уурхай эрхлэгчдийг өөр дүүрэгт, өөр ажлын байраар хангах, бусад төрлийн үйлдвэр барьж байгуулах талаар бодлого боловсруулна. Мөн Налайхын уурхайг хаах, тусгай зөвшөөрөл лицензийг хүчингүй болгож, уурхайг хамгаалалтад авах зэргээр цогцоор нь шийдвэрлэнэ. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийг үе шаттай авч хэрэгжүүлнэ” гэв.

Эдгээрийг авч хэрэгжүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөв.

Тус дүүргийн II хорооны иргэн Б.Баттулга энэ бүх шийдвэрт талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Тэрбээр “Би тэтгэвэрт гарсан уурхайчин хүн. Энэ гаргаж буй шийдвэрээ Налайх дүүргийн бүх ард иргэдэд хүргэх хэрэгтэй. Гол нь Налайхын иргэдийг өвөлдөө нүүрсээр хангах хэрэгтэй. Аль хэдийн ийм шийдвэр гаргах ёстой байсан юм. Өмнө нь гурван Засгийн газрын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдаад ямар ч үр дүнд хүрээгүй. Үүний цаана хуувилдаан, янз бүрийн наймаа, үгсэл, хэлцэл их байгаа учир урьд урьдын Засгийн газрын хэрэгжүүлэх гэсэн бүхэн нурж байсан. Суурьшлын бүсдээ уурхай нь орчихсон, зэвсгийн складын доогуур ухчихсан ийм юм яригдаж байна. Манай дүүрэгт зэвсгийн хэд хэдэн склад бий. Тэсрэх материалын үйлдвэр ч байгаа. Эдгээрийн доогуур ухаж байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Технологи хөгжсөн энэ үед уул уурхайн түүхэнд байж боломгүй аймшигтай туршилт явуулж байна гэсэн үг” гэлээ.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн зүүн хэсгээр нүүрсний ихээхэн илэрц тогтоогдсон байна. Тиймээс өнгөрсөн жил Засгийн газраас 580 сая төгрөгөөр судалгаа хийжээ. Судалгааны дүн ирэх арванхоёрдугаар сард гарах гэнэ.

Энэ талаар УУХҮЯ-ны Уул, уурхай бодлогын газрын дарга Ж.Ганбаатар

“Судалгааны урьдчилсан дүнгээс харахад боломж байна гэж харж байгаа. Эндээс занар олборлох эсвэл занараас метан хий гаргах бололцоо байна. Нийслэлийн хот төлөвлөлтөд нийслэлийн ойр орчимд олборлолт хийлгэхгүй гэсэн бодлого шийдвэр байгаа. Харин метан хий олборлолт нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл харьцангуй бага. Хэдэн цооног тавьж олборлодог. Энэ бол урт хугацаанд хийгдэх ажил” гэлээ.