УИХ  дахь эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчтэй уулзлаа
2017.12.04

УИХ дахь эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын сонгуулийн болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиуд батлагдсанаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалтууд бодитойгоор хэрэгжиж байна.

Үүний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар 13 буюу 17.1% нь эмэгтэйчүүд сонгогдсон.

Өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэн ажилласан.

Эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын залгамж чанарыг хадгалж энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгддэж 2017 оны 11 сарын 03-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр эмэгтэй гишүүд хуралдаж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг ярилцаж тодорхойллоо.

Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран ажиллахаас гадна, Ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, Ээмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар  боллоо.

Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай эмэгтэй гишүүд уулзаж, ажиллах сэдвийнхээ хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Ерөнхийлөгч эмэгтэй гишүүдийн санаачилгыг сайшааж, нас баралт, хар тамхины хэрэглээ, бэлгийн замын өвчлөл, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядууралд онцгой анхаарал тавьж бодит шийдэлд хүрэхийн төлөө ажиллахыг чухалчилж, амжилт хүсэн, хамтран дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.