Монгол ардын намд талархал илэрхийлэв
Германы Социал Демократ Намын Их хурал /ГСДН/ 12 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо боллоо. Хурлаар Намын дарга Мартин Шүлц төлөөлөгчдийн 81,9 хувийн саналаар дахин сонгогдсон бол Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнуудаа шинээр сонгосон байна.
Энэ удаагийн их хурлаар тус намын удирдлагуудыг Германы Засгийн газар байгуулах эвслийн засгийн газарт орж ажиллах асуудлаар Христийн Ардчилсан Намтай яриа хэлэлцээ хийх эрхийг олгож байгаагаа онцлог ажээ.
Нийт 5000 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралд үзэл баримтлал нэгтэй МАН-аас Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Гантулга, МАН-ын Гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нар оролцсон юм.
Тэд хурлын үеэр ГСДН-ын дарга Мартин Шүлцтэй уулзаж, дахин сонгогдсонд нь МАН-ын нэрийн өмнөөс баяр хүргэснээс гадна Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ГСДН-ын Дэд дарга Торстен Шефер-Гүмбэл, Гадаад бодлогын газрын дарга Себестиан Бради нартай хоёр талын уулзалт хийж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Энэ үеэр ноён Шефер-Гүмбел “Улс төрийн хүнд амаргүй цаг үед бидэнтэй хамт байж, дэмжсэн МАН-д чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээгээд МАН нь ГСДН-ын Ази тив дэх гол түнш” гэдгийг онцолжээ.
Түүнчлэн, Монгол Ардын намын төлөөллүүд Прогрессив Аллианс байгууллагын Ерөнхий зохицуулагч Константин Войноф, Фридрих Эбертийн сангийн дарга Күрт Бек нартай уулзаж санал солилцсон байна.