Г.Занданшатар: Иргэдээс ирүүлсэн 5 сая гаруй саналыг нэгтгэсэн
Төрийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн намуудын төлөөлөл, АИХ, УБХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож буй “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
Энэ үеэр “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол” сэдэвт илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
Тэрбээр хурлыг зохион байгуулагчид болон хуралд оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал болж байсан.
Энэ хурлын дүн болон 2017 оын нэгдүгээр сарын 25-ны өдөр болсон “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын дүн, доктор Ч.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг иргэдээс судалгаа авч, дүгнэлтэд үндэслэн долоон үе шаттайгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил эхэлсэн.
Жил гаруйн хугацаанд уг үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчим хэмээн дүгнэж байгаа юм.
2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй харьцуулах юм бол энэ удаа бид ард түмний санал бодлыг тандан, судлах, эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлтийг харьцуулах гээд олон ажлыг амжуулсан гэдгийг тэрбээр танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолоор Ажлын хэсгийг байгуулагдаж, нарийвчилсан төлөвлөгөө баталсан талаар, Ажлын хэсэг хялбаршуулсан тайлбар, лавлагааг боловсруулсан талаар, сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахад бэлтгэсэн зэргийг хуралд оролцогчдод мэдээллээ.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 491 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг байгуулагдсан талаар болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. А
жлын дэд хэсэг төсөлтэй холбоотой материалууд бэлтгэх, улс орон даяар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, Монгол Улсын 327,375 иргэнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой ирүүлсэн 5,584.832 саналыг нэгтгэх зэрэг нүсэр ажлыг зохион байгуулсан гэдгийг тэрбээр тэмдэглээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн ахлагч П.Цэрэн, Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, төсөлд иргэдээс санал хүрээнд хийсэн бэлтгэл ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газраас 7 баг томилон ажиллуулсан байна.
Энэ хүрээнд 21 аймгийн 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, яам, төрийн байгууллагуудад 5 удаа гээд нийт 68 хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 31 ажлын хэсэг, 554 хүн ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ба орон нутагтаа үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Үүнээс гадна ТББХ-ны ажлын алба болон бусад Байнгын хороодын ажлын албаны ажилтнууд ирүүлсэн хүсэлтийн дагуу бусад төрийн байгууллагуудад сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг бүр камерын хяналттай явагдсан гэдгийг тэрбээр танилцуулаад үүний дүнд аудио бичлэгээс гадна 45000 минутын дүрс бичлэг, 1100 гэрэл зургийг архивлаад байгаа гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчдын нас, хүйсийн талаар, иргэдээс ирүүлсэн саналын хуудсуудыг цахим санд нэгтгэсэн ажлын талаар болон төслийн хүрээнд иргэдээс ирүүлсэн саналаас гадна төсөлд дурдагдаагүй асуудлаар ирүүлсэн саналуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Төсөлд дурдагдаагүй асуудлаар 81095 санал ирсэнээс Монгол Улсын Үндсэн хуульд хамаарах асуудлаар ангилжээ. Эдгээрийг багцалж үзвэл Монгол Улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын төрийн байгуулал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал ирүүлсэн байна.
Илтгэлийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Иргэдээс ирүүлсэн 5 сая гаруй саналыг нэгтгэн үзвэл ард түмэн шударга ёс, улс төрийн алба ёс зүйтэй, шударга, хариуцлагатай байх, төрийн алба ёс суртанхуунтай, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ард түмэнд үйлчилдэг байх, шүүх нь шударга, хариуцлагатай байхыг хүсч байгааг харж болохоор байсан" хэмээн тэмдэглэсэн юм.