Монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны "2017 оны шилдэг Монгол судлаач" шагналыг өнөөдөр хүртсэн юм.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын Монгол судлалын холбооноос энэ оны шилдэг монгол судлаач эрдэмтнийг тодрууллаа. Олон Улсын Монгол судлалын Холбооны жил бүр шилдэг нэг монгол судлаачийг шалгаруулж шагнаж байхаар болсон. Энэ шагналын анхдагч нь Анна Дамдинова Цендина гуай болж байна” гэлээ.
Олон Улсын Монгол судлалын холбооноос санаачлан жил бүрийн энэ өдөр тухайн жилдээ Монголын судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, Монголын өв соёл, хэл, түүхийг судлан дэлхий дахинд таниулж буй нэг Монгол судлаачийг шагнан урамшуулж байхаар тогтоод байгаа юм.
Анна Дамдинова Цендина нь Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин бөгөөд дэлхийн Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач юм. Тэрээр 2017 онд арвин баялаг бүтээл туурвиж, Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаагийн заримаас товч дурдвал, 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ. Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа билээ.