2018.01.10

Ё.Баатарбилэг: Агаарын бохирдлыг бууруулах ажлууд нэгэн зэрэг хийгдэнэ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг BloombergTv Mongolia телевизийн “Бизнесийн төв цэг” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувиар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Ё.Баатарбилэг: “УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад, богино хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, хоёр байнгын хороо хамтран, УИХ-ын тогтоолын төсөл батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тогтоолын төслөө баталлаа. Тус тогтоол хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт, яг одоогийн утаатай байгаа нөхцөлд хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал байгаа. Харин нөгөөх нь дунд болон урт хугацаандаа агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг хөндсөн.”