2018.01.11

Х.Баттулга: Утаанаас болж бүгд хорддог, харин цөөн компани баяждаг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга МҮОНРТ-ийн "Ярилцлагын цаг"-т оролцжээ. Төрийн тэргүүн агаарын бохирдлыг бууруулах боломж гарц, шийдэлтэй холбогдох зарим асуудлаар ярилцжээ.

-Таны хувьд агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг онц байдал зарлах хэмжээнд авч үзэж байж асуудлыг шийднэ гэсэн асуудлыг УИХ-д тавьсан. Харин УИХ-ын холбогдох ажлын хэсгийн өгсөн тайлбараас үзвэл агаарын бохирдлын асуудлыг онц байдлын тухай хуулиар зохицуулах асуудал биш. Эрхзүйн хувьд хязгаарлагдмал байна гэсэн тайлбарыг өгсөн. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол оронд маань тулгамдаж байгаа олон асуудал бий. Түүний маш хор хөнөөлтэй, тулгамдсан асуудал бол утааны тухай асуудал. Энэ асуудал зөвхөн 2018, 2018 онд яригдаагүй. Яригдаж эхлээд 20-25 жил болж байна. Утаанаас болсон хохиролыг яривал асар их тоон баримтууд ярина. 

Яагаад онц байдлын хэмжээнд авч үзэж ярих гээд байгаа вэ гэвэл яг өнөөдрөөс нэг жилийн өмнө буюу 2017 оны 1 сарын 10-нд ҮАБЗ хуралдаад, утааны тухай асуудлыг хэлэлцсэн. Маш их үүрэг хотын захиргаа, Засгийн газарт өгсөн байна. Харамсалтай нь жил болоод эргээд утааны тухай асуудлыг ярихад яг тэр асуудал дахин дахин яригдаж байна. Жил болгон болдог утаатай холбоотой асуудлыг хэдхэн сар ярьдаг асуудлыг больё. Энэ хохиролыг зогсооё гэсэн үүднээс УИХ-д онц байдал зарлах санал тавьсан. УИХ-ын тогоолын төсөл "арай ч дээ" гэмээр зүйл гарсан. Утаа ихсэх үеэр ярьдаг, цагаан сар дөхөөд ирэхээр мартдаг. 

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдолтой асуудлаар УИХ ойрын хугацаанд бодитой, оновчтой зохицуулалтууд хийх шийдвэр гаргаж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг ярьж байсан. Олон нийтийн дунд УИХ-ыг тарааснаар нөхцөл байдал өөрчлөгдөх үү, үгүй юу, нийгэмд улстөржих, талцах асуудал нэмэгдэнэ гэдэг тал дээр байр суурийн зөрүүтэй хандлагууд гарч байна. УИХ-ыг тараалаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-2016 оны сонгуулиар МАН-аас 65 гишүүн гарсан. Ингээд УИХ ажлаад 1 жил 6 сар болж байна. Хүлээлт их байсан. Харамсалтай нь энэ хүлээлтийг амласнаа биелүүлж чадаагүй гэдэг шүүмжлэлийг иргэдээс их хэмжээгээр ирж эхэллээ. Ийм байдлаас болоод энэ УИХ-д итгэх итгэл байхгүй болсон.