2018.01.30
Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг танилцууллаа
Засгийн газрын хуралдаанаар баталсан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бусад албан тушаалтнуудад танилцуулж, уг аргачлалыг цаашид хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал гэж үзэж байгаа юм.
Энэ асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайхан: Чиг үүргийн давхардлыг арилгах төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бие дааж хөгжих бооомжийг бүрдүүлэх, төсөв санхүүгийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх гээд олон асуудал бодлогын хүрээнд хөндөгдөж байна. Цаашид зайлшгүй зөв гарцыг гаргаж шийдвэрлэх, шийдвэрүүдийг нэгтгэж үе шаттайгаар хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг зөв зохион байгуулж чадвал орон нутгийн хөгжил нийслэлийн хөгжил хурдацтай урагшлах юм гэлээ.
Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталжээ.