2018.02.06

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар СХД-ийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хийж гүйцэтгэсэн ажлууд болон цаашид хийгдэх ажлуудаасаа танилцуулсан байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт 9, 65-р сургууль дээр шүдний кабинет нээж, "Хүүхдийн инээмсэглэл" төслийг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн олон мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлүүлээд байгаа юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт хийж, хэрэгжүүлээд байгаа ажлуудаасаа танилцууллаа.

Х.Нямбаатар: "Сонгогдсоноосоо хойш 1 жил 7 сарын хугацаанд ямар ажлууд хийв гэдгээ товч танилцууллаа. Тодруулбал хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Хүүхдийн шүдний үнэ төлбөргүй хоёр эмнэлэг байгууллаа. Сан байгуулж, хандиваар нэг цэцэрлэг байгуулж, улсад хүлээлгэж өглөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгүүд ашиглалтанд орлоо. 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 76-р тойрогт 3 сургууль, 5 цэцэрлэг улс, нийслэл болон гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах гэж байна. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр хоёр цэцэрлэг энэ жил ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Хүүхэд багачуудыг агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл хэрэгжүүллээ.