БОАЖ-ын Сайд байгалиа хамгаалах үйлсийг сэргээхэд уриалж байна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, монголчуудын хувьд мартагдсан ухамсар болоод байгаа байгалиа хамгаалах үйлсийг сэргээхэд уриалж хамтарч ажиллахыг хүссэн юм.
Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа. Энэ хүрээнд лам нар буруу тахисан овоог цэгцэлж, цэвэрлэх ажлыг байгаль хамгаалагчидтай хамтран хийхээр болсон юм.
Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчэнлин хийдийн лам нартай хамтран Хийморийн овоог цэвэрлэж, олон түмэндээ уриалга хүргүүллээ.
Өнөөдөр бид БОАЖ-ын сайдын байгалиа хамтран хамгаалах уриалгыг дэмжин хийморийн овоог цэвэрлэлээ. Хадаг, яндар, архины шил, сүүний савнаас эхлээд гал түлээд явсан ул мөр маш их байна. Иргэддээ хандаж хэлэхэд уул, ус тахихдаа багахан хэмжээний будаа, сүү авчраад дотроо сүслээд, залбирахад буян заяагаа даатгаж байгаа хэрэг юм шүү.
Түүнээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Хийморийн дарцаг овоон дээр хийсгээд хийморь лундаа нь сэргэж байна гэж боддог хүмүүс тэр дарцаг нь хүний хөлийн дор гишгэгдэж байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Тухайн айлын хийморь лундаагаа даатгасан дарцаг нь хэн нэгний улан дор хог болох нь ямар байх вэ гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ингээд удахгүй болох цагаан сараар та бүхэн маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүй сайхан шинэлцгээгээрэй.