Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг үйлдвэрлэгчдээр хэлэлцүүллээ
2018.03.14

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг үйлдвэрлэгчдээр хэлэлцүүллээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн нар болон НҮБ-ын Хүн амын сан, ХХААХҮЯ, Нийгмийн эрүүл мэндийн газар, хүнсний салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа, манай улсын иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байгаа, тухайлбал хүн амын 7.4 хувь нь иодын, 21.4 хувь нь төмрийн, 32.4 хувь нь витамин А-гийн, 42.4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгааг онцлов.

Дараа нь салбарын судлаачид зарим судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ц.Зууннаст илтгэлдээ, монголчуудын хоол, хүнсний нэр төрөл цөөн төдийгүй бичил шимт бодисын хэрэглээ өрхийн орлого, суурьшил, амьдарч буй бүс нутаг болон нас хүйсээс хамаарахгүйгээр хангалтгүй байгааг дурдаад хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 70,7 хувь нь хадгалах хугацааг нь хардаг боловч шимт бодисын мэдээллийг 2.5-хан хувь нь анзаардаг байна гэлээ.

Судлаачид цаашид хүнсийг баяжуулж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг дэмжихийн зэрэгцээ энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд шинэ зүйл биш болохыг тэмдэглэв. Манай улсын хувьд 1990-ээд оны эхнээс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг. Түүнчлэн судлаач Г.Эрдэнэжаргал өнөөдөр 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгааг дурдав.

Үйлдвэрлэгчдийг төлөөлж, “Сайн” сүүг Д амин дэмээр баяжуулан үйлдвэрлэж буй “АПУ дейри”, “Хурх” гурил үйлдвэрлэж буй “Хангай миллс” компаниуд туршлага, өнөөгийн байдлаа танилцуулсны дараа оролцогчид санал зөвлөмж хэлж, УИХ-ын гишүүд болон илтгэгчдээс асуулт асууж, хариулт авав.

Үйлдвэрлэгчдийн хувьд хуулийг гаргахаасаа өмнө нэг талаас үйлдвэрлэлийн арга технологи, хяналтын асуудлыг сайтар судалж, олон улсын лаборатори бий болгох, нөгөө талаас салбар тус бүрийн онцлог, түүхий эдийн нөөц, өрсөлдөөн, импортын нөхцөл байдлыг харгалзаж, хувийн салбарын өсөлтийг боомилохгүйгээр зохицуулалт хийх нь чухал байгааг хэлж байна.