2018.02.26
Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30% хүртэл бууруулахаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоотой хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оны 02-р сараас 2019 оныг дуустал 2 үе шаттай хэрэгжүүлж байна.
Уг арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хүнс, хоол үйлдвэрлэгч нарт аргазүйн зөвөлгөө өгөх, давс багатай хоолны цэсийг боловсруулан хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүнс, хоолон дахь давсны агууламжийг хянах, байгууллагын ажилтан, хэрэглэгчид, эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах олон ажлыг хийх юм. Төлөвлөгөөнд туссан ажлуудыг ерөнхийд нь тоймлон бичих Сургалт, зөвлөгөө мэдээлэл голлоод байх шиг харагдаад байна.
Арга хэмжээнд дараах хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, нэр заасан бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж, хамтран ажиллахаар хүсэлтээ ирүүлсэн.Үүнд: Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, СХД-ийн 112-р цэцэрлэг, БГД-ийн 57 болон 94-р цэцэрлэг, Номадс сүлжээ ресторан, Броадвэй сүлжээ ресторан, Хан идэрмэг ХХК, ДЦС-4 ХК-ийн Эрчим зоогийн газар, Атар өргөө ХХК, Мах маркет ХХК-ууд 4-10 гаруй нэр төрлийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулахаар ажиллана.