2018.02.21
Аймгийн аварга малчид зөвлөлдлөө
Баянхонгор аймагт аймаг сумдын аварга малчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр өвөл, хаврыг өнөтэй давах, мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчид байгалиа хамгаалахад хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.
2017 оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймгийн мал сүрэг 5 төрөлд өсч, 4 сая 587 мянган толгой мал тоолуулснаар улсдаа эхний тавд орж, ямаан сүргээрээ нэгдүгээрт, тэмээн сүргээрээ хоёрдугаарт орж байна. Тэргүүний малчид малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгааг чуулганы үеэр хөндөж байв.
Хэдийгээр малын тоо өсч, бэлчээр доройтож байгаа ч 2017 оны эхний 8 сарыг өмнөх онтой харьцуулахад мал амьтан, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүний экспорт 83 хувиар өсчээ. Жилд 3 их наяд төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдэрлэж байдаг тул энэ салбарт зөв зохицуулалт, бодлого тодорхой байх ёстойг төрийн удирдлагууд хэлж байна.