Галуут сумын малчдын төлөөлөл МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзав
2017.09.20

Галуут сумын малчдын төлөөлөл МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзав

Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгт багийн нутаг дэвсгэрт “Тулга жаргалант” ХХК уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх гэтэл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хоёр сар гаруйн нүүр үзэж байгаа аж.

Тус багийн малчдын төлөөлөл өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай энэ асуудлаар уулзаж, зөвлөгөө дэмжлэг авахыг хүссэн байна.

Үнэгт баг нь 172 өрхийн 533 хүн ам, 53 мянган толгой малтай. Орлогын эх үүсвэр болсон мал аж ахуй эрхлэх боломжийг бүрэн хааж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн үзэж, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ, БОАЖЯ, УИХ-ын өргөдөл, гомдлын байнгын хороо, УУХҮЯ, АМГТГ-т хандан “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж, уг үйлдлийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар малчдын төлөөлөлд хандаж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, нутгийн иргэддээ үнэн бодит мэдээлэл хүргэж ажиллахыг чухалчилсан байна.
Хэрэв дээрх компани олборлолт явуулж эхэлбэл "Үнэгт" багийн нутаг дэвсгэр дэх Их тойруу, Дэл хайрхан, Агдын ам, Оруулгын ам, Нарийны, Ар булгйн ам зэрэг голын хавцал дагуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон газрын ирээдүй бүрхэг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тэд дуулгалаа.