БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ховдчуудад салбарынхаа талаар мэдээлэл өглөө
2018.03.20

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ховдчуудад салбарынхаа талаар мэдээлэл өглөө

Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн баруун аймагт ажиллах ажлын багт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтсан. Ажлын бүрэлдэхүүнд багтсан сайд нар Ховд аймгийн салбар хариуцсан удирдлагуудтайгаа уулзаж, Ерөнхий сайдтай хамт иргэдтэй уулзалт хийв. Уг уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат салбарынхаа талаар Ховдчуудад мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа.

Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрултыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой.

Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна. Уул уурхайн компаниудад хуулиа дээдэлж ажиллах ёстой гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Хууль дээдлээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг холбогдох байгууллагатай нь хамтарч хийнэ. Хуулиа биелүүлж байгаа компаниудад дэмжлэг үзүүлнэ.

УИХ-ын чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Уг хуулийн дагуу ус их бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдэд өндөр татвар ногдуулж, саарал усыг ашигладаг компаниудыг дэмжиж ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ жил Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Ховдчууд бол усыг маш сайн ашигладаг ард түмэн. Байгаль хамгаалах үйлсэд хамтран зүтгэцгээе” хэмээлээ.